Г.Өсөхбаяр ахлагчтай уулчид Отгонтэнгэр хайрхныг зорьлоо

Нисдэг тэргээр хотоос гарсан 25 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багт Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр ахлагчтай дөрвөн мэргэжлийн уулчин багтжээ. Тэд аврагч нартай хамт Баянхонгор аймагт очиж хоноод, өнөөдөр өглөө эрт Отгонтэнгэр хайрхныг зорьсон байна. Улмаар 09.00 цагт Отгонтэнгэр хайрхны бэлд нисдэг тэрэгтэйгээ газардан шууд сураг нь тасарсан 17 хүнийг хайх эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан эрлийн багт мөн орон нутгийн гурван уулчин хамт яваа. Ингэснээр мэргэжлийн долоон уулчин эрлийн ажилд гар бие оролцож байна.
Сураггүй болсон уулчдыг ахалж явсан уулын спортын мастер Н.Сүрэнжав нь спортынхон дундаа Сэнгүү нэрээрээ танигдсан туршлагатай уулчин аж. Тэрбээр Монголын Уулын аяллын клубуудын холбоог удирддаг. Үе үехэн сонирхогч, мэргэжлийн уулчдыг нэгтгэсэнаяллыг зохион байгуулдаг тухай эх сурвалж мэдээлж байна. Уулчдын итгэлийг хэдийнээ олсон Сэнгүү нь хамгийн сүүлд аравдугаар сарын 19-ний өдөр өөрийн цахим хуудастаа нэг жилийн өмнөх авиралтын тухай мэдээллээ хуваалцсан байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ