Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо


Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.
Монголын оролцогчдоор гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай байрын шагнал хүртэж, Үндэсний ялагчаар шалгарсан нь Монгол улсын 2015 оны амжилтыг ахиулсан үйл явдал боллоо. 2015 онд мужааны оролцогч 480 оноо хүртэж (энэ жил 200 оноогоор нэмэгдэж 700 болсон) баг хамт олноо манлайлж байсан юм. Ж.Жанлав-Ойдов ийнхүү Тусгай байрын шагнал хүртсэнээр гагнуурын төрөлд оролцсон 34 орноос 18-д орлоо. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх 691, цахилгааны Л.Төгөлдөр 674, тогоочийн Б.Дагвасүрэн 673, сантехникийн Ц.Долгормаа 660, өрөг угсралтын Ц.Мягмарсүрэн 659 оноо тус тус хүртлээ. Чансаа өндөр энэхүү олон улсын тэмцээнд Монгол улс хоёр дахь удаагаа оролцохдоо 2015 оны амжилтаа ахиулна гэж зорилго тавьж байсан. Нийт зургаан оролцогч маань өмнөх тэмцээний амжилтуудаа төрөл бүр дээр ахиулсан амжилт гаргалаа.
Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажилладаг бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Мэргэжлийн боловсрол, түншлэл ТББ, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Модны чадамжийн төв, Хүнс, технологийн политехник коллеж зэрэг олон байгууллага ажиллалаа.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны тэмцээний эрхийг БНХАУ-ын Шанхай хот саяхан хүлээн авлаа. Иймээс дараа дараагийн тэмцээнд Монгол улс илүү олон мэргэжлээр оролцох бодлого барин ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ