Отгонтэнгэр хайрхан минь өршөө!


“Гэр бүл, найз нөхдөдөө сайн яваад ирнэ ээ” гээд ачаагаа баглан Отгонтэнгэр хайрханыг зорьсон 17 хүмүүс өнөөдөр эргэж ирсэнгүй. Учир нь Монгол Улс 10 иргэнээ харамсалтайгаар алдлаа. Мөн олон аав, ээжийн элэг эмтэрч, үр хүүхдүүд өнчирч хоцорлоо. Хангайн оргил хайрханыхаа элгэнд хайран залуус минь үүрд тэврүүлэн нойрслоо.
Энэ сарын 21 буюу өнгөрсөн амралтын өдөр Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон 17 иргэний 10-ынх нь цогцсыг онцгой байдлын алба хаагчид олоод байна. Тэдний долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байсан аж.
Онцгой байдлынхан уулчдын цогцсыг 3200-3400 орчим метрийн өндрөөс насилкаар доош зөөвөрлөж байгаа аж. Өнөөдөр үлдсэн долоон хүнийг эрэн хайж байгаа бөгөөд тэд амьд байх магадлал “бага” гэдгийг мэргэжлийн уулчид хэлсээр байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор МУГТ, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа “Хамгийн эхэндавиралт хийх улирал биш байсан гэдгийг хэлмээр байна. Өдийд ууланд цас их хэмжээгээр хуралдчихсан, хатуураагүй байгаа учир цасны нуранги үүсэх магадлал өндөр. Аравдугаар сарын сүүл учраас ууланд маш хүйтэрсэн байгаа. Хэн нэгэн нь хүнд бэртэл гэмтэл авсан бол тэнд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа учраас хүндрэл үүссэн байгаа байх. Ганц юманд л харамсаж байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж, ийм улиралд явав даа гэж харамсаж байна” хэмээн харамслаа илэрхийлсэн юм.
Ууланд авирагчид бүгд сайн дураар ууланд алхагчдын клубт элсэн, нэгдэж алхалт хийдэг байсан аж. Уулчид авиралтаа Бадархундага талаас эхэлж, буухдаа өөр замаар буусан нь тогтоогдсон байна. Ослын гол шалтгаан нь уулчид 27-уулаа мөртөө гуравхан олсонд хуваагдаж явснаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл амиа алдсан 10, сураггүй байгаа 7 уулчин хоёр олсонд хуваагдаж яваад нуранги үүсэх үед бие биенээ чирэн хавцал руу унасан бололтой. Харин амьд үлдсэн 10 уулчин тусдаа олстой явсан тулдаа амь гарчээ.
Тэд амиа алдсан уулчдын араас явж байсан тул нуранги үүсэх хүчтэй дуу чимээ сонсоод түр хүлээзнэж, чимээ намдсаны дараа маш аажуухнаар уулнаас бууж амь аврагдсан байна. Угтаа уулын спортын стандартад нэг олсонд дээд тал нь 5-6 хүн холбогдож явах ёстой байдаг аж. Гэтэл 20 шахам хүн хоёрхон олсонд хуваагдаж явснаас болж ийн харамсалтайгаар амь насаа алдахад хүрсэн гэх мэргэжлийнхний дүгнэлт гарчээ.Ууланд авиралт амины эрсдэлтэй нь үнэн ч хэн ч амьсгалаа хураах зорилго тээж оргил руу явдаггүй.
Одоогоор эрлийн ажиллагааг эрчимжүүлж, улсын Онцгой комисс, ОБЕГ, цагдаа, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн уулчид, аврагчдын баг Завхан аймагт ажиллаж байна. Монголчууд минь эртнээс уул, усаа хайрлан шүтэж, биширч ирсэн ард түмэн. Тийнхүү бурхан тэнгэр минь ивээлдээ авч, догшин хайрхан минь өршөөгөөсэй билээ.
Найдвар сүүлийн мөч хүртэл байдаг. Сураггүй байгаа долоон уулчин минь эсэн мэнд олдож, гэр бүл үр хүүхдэдээ эргээд ирээсэй. Мөн тэнд ажиллаж буй аврагч, эрлийн багийнхан минь анхаарал болгоомжтойгоор ажил үүргээ гүйцэтгээд ирээсэй билээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ