Үлдсэн гурван хүнийг цасны гүнд хайж байна


Талийгаачдын ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр /2017.10.24/ ирж эрлийн ажиллагааны талаар мэдээлэл авсан байна. Аврагчид өнөөдөр өглөө 06.20 цагт эрлээ эхэлж, шинээр дөрвөн хүний цогцсыг олсон. Тэд үлдсэн гурван уулчныг эрэн хайх ажиллагааг цасны гүн рүү буюу таван метрийн гүнд явуулж буйгаа ар гэрийнхэнд нь хэлжээ.
Отгонтэнгэр хайрхны бэлд хээрийн штаб байгуулсан эрлийн багийнхан хоёр хэсэгт хуваагдаж шуурхай ажиллаж байгаа гэв. Мэргэжлийн уулчид, онцгойн аврагчдаас бүрдсэн нэг хэсэг нь уулын хавцал хэсгээр үлдсэн гурван хүнийг хайж байна. Харин цагдаа, цэргийнхэн багтсан багийнхан талийгаачдыг уулнаасбуулгаж буй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан онцгой комиссынхон өнөөдөр амиа алдсан уулчдын цогцсыг хот руу тээвэрлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч үлдсэн гурван хүнийг одоог болтол олоогүй, сургийг нь гаргаагүй учир түр хойшлуулахаар болсон тухайгаа ар гэрийнхэнд нь ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ