Үндэсний шилдэг оролцогчоор Ж.Жанлав-Ойдов шалгарчээ

Дэлхийн ур чадварын тэмцээн /ДУЧТ/ энэ сарын 14-19-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон билээ. Тус тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай улс 2015 оны 43 дах удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан ба энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцжээ.

59 орны 1,300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм.

ДУЧТ-ний тусгай байрын шагналт, Үндэсний шилдэг оролцогч Ж.Жанлав-Ойдов "Энэ тэмцээнд оролцохын тулд зургаан сар бэлтгэлээ хангасан. Тэмцээнд нийт хавтан лист, яндан, жижиг оврын зуух, хөнгөн цагаан, энержи хийц гэх дөрвөн модуль гагнасан.

Бусад орны оролцогчид 1-2 жилийн хугацаанд бэлтгэлээ базаасан. Харин манай оролцогчид зургаан сарын хугацаанд бэлдсэн учир бэлтгэл хангалтгүй байдал тэмцээний дүнд нөлөөлсөн гэж бодож байгаа. Цаашдаа тэмцээнд оролцох багийг урт хугацааны турш бэлдвэл илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Мөн Монгол хүүхдүүд ямар ч зүйлийн эвийг нь олж, нягт нямбай хийдэг нь том давуу тал болсон. Хамт оролцсон багийнхан болон багш нар, дэмжигч байгууллагуудад талархсанаа илэрхийлье" гэлээ.

Монголын бусад таван оролцогчийн хувьд 2015 оны оноог мэргэжил тус бүрт ахиулсан нь энэ удаагийн тэмцээний гол амжилтын нэг юм. Мөн тэмцээний эксперт багшаар ДЦС-4-ийн Металл судлал, гагнуурын лабораторийн эрхлэгч С.Батсайхан хоёр дахь удаагаа ажилласан байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг тэмцээд амжилттай оролцсон оролцогчид, эскперт багш нар, дэмжигч байгууллагуудад баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ