Эрлийн ажиллагаа 89 хүний бүрэлдэхүүнтэй эхэллээ


Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ. Аравдугаар сарын 24-ний шөнө буюу өчигдөр орой амиа алдсан 14 иргэний цогцсыг Улаанбаатарт авчирч таниулах ажиллагаа явуулсан билээ.
Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2,811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160,000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ