17 уулчнаа санан дурсах болно


Монгол Улс 17 иргэнээ харамсалтайгаар алдлаа. Олон аав, ээжийн элэг эмтэрч, үр хүүхдүүд өнчирч хоцорлоо. Хангайн оргил хайрханыхаа элгэнд хайран залуус минь үүрд тэврүүлэн нойрслоо.
Энэ өдрүүдэд хүн бүр л дор бүрнээ итгэл тээж байсан байх. Олдсон цогцос бүхний араас залбирч, олдоогүй нэгнийг нь амьд мэнд, хаа нэгтэй аврагчдыг хүлээж байгаасай гэж хүсэж байсан. Ялангуяа уулчдын ар гэрийнхэн өнөөг хүртэл олдоогүй байсан хүмүүст бүх найдвар, хүлээлт, горьдлогоо тээж байсан биз ээ.
Тэдний ослын гол шалтгаан нь уулчид 27-уулаа мөртөө гуравхан олсонд хуваагдаж явснаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл амиа алдсан 10, сураггүй байгаа 7 уулчин хоёр олсонд хуваагдаж яваад нуранги үүсэх үед бие биенээ чирэн хавцал руу унасан бололтой. Гэхдээ мэргэжилтнүүд цогцосыг задлан шинжлээд ослын шалтгааныг удахгүй мэдээлэх байх.
Эдгээр өдрүүдэд улсын Онцгой комисс, ОБЕГ, цагдаа, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн уулчид, аврагчдын баг гээд нийт 200 хүн Завхан аймагт ажиллалаа. ОБЕГ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Отгонтэнгэр хайрханд авираад, буцаж явахдаа амиа алдсан 17 уулчны цогцосыг олсноор аврагчид эрлийн ажиллагаагаа дуусгажээ. Тодбруулбал, аврагчид 10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг олсон аж.
Ийнхүү 17 залуус маань золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.Маш их харамсан гашуудаж байна.
Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.
М.Баясгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ