"Ядарсан" ардаа аргацаасан 300 мянган төгрөг

Өнгөрсөн наймдугаар сараас эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсаар буй. Үүн дээр урлагийн салбарын ажилтан, мэргэжилтнүүд нэгдсэн 200 мянга гаруй хүн цалин нэмүүлэх шаардлагад нэгдсэн. Эмч, багш нарын хувьд удаа дараа хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсээр байгаа юм. Ийнхүү Засгийн газар тэдэнтэй нүүр тулалгүй “бултаж” явсаар эрхгүй тулгарлаа.

Учир нь энэ сарын 24-ны өдөр төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа” гэлээ. Ингэхдээ төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэх бус нэг удаад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох саналыг байнгын хорооны гишүүд гаргажээ. Ийнхүү төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг буюу 54 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг төсвийн тодотголд тусгахаар болсон аж. Тэр дундаа багш, эмч нарт нөхөн олговор олгох асуудлыг тодотголд голчлон тусгажээ.

Багш, эмч нарын цалинг нэмэх асуудал бол нийгмийн шаардлага болоод буй. Тэдний зүгээс сардаа 600 мянган төгрөгийн цалин аваад, зээлэндээ төлөөд, амьдрахад хүнд байгаагаа олон удаа ярьсан. Гэтэл хэлэлцээрийн ширээний ард суумагцаа жилд нэг удаа 300 мянган төгрөгийн урамшуулал олгож буйгаа халамж биш, нөхөн олговор хэмээн хэлээд буй.

Өнөөдөр энэ мөнгөөр тэд сарын хүнсээ ч цуглуулж хүрэхгүй. Цалингаа нэмүүлэхийг хүссэн багш, эмч нарын сэтгэлийг зогоосон л явдал болж байна. Монгол хүн гар сунгаад мэнд мэдэж, асуудлаа зөвшилцье гэхэд үгүй гэдэггүй. Яг ийм л сэтгэл дээр нь төр тоглолт хийж байна.

Цалин нэмэх, халамжийн мөнгө тараах сургаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг тогтворгүй эдийн засагтай улсад 300 мянган төгрөгийн нөхөн олговор авмагцаа дахиад л үнийн дарамтад орох болгоомжлол үүсч байна. Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийнхэн ч дуугүй суухгүй биз. Тэдэнд төрөөс ямар нэгэн хөнгөлөлт өгч байгаагүй учир хүмүүсээ алагчлалгүйгээр энэ хэмжээний татвараас чөлөөл гэж буй. Тэгээд ч баялаг бүтээгч, татвар төлөгчдийн мөнгийг төрийн албан хаагчдад зүгээр л тараагаад өгчих асуудал байж боломгүй.

Төрийн албан хаагчид дэндүү бага цалинтай нь үнэн, бас төрд бүх шатандаа хулгай нүүрлэсэн ч үнэн. Ийм нөхцөлд бид цогц, уялдаатай реформуудыг зайлшгүй хийх хэрэгтэй юм. Тэрнээс нөхөн олговор нэрээр бэлэн мөнгө тараах нь асуудлыг шийдэх алхам бус аргацаах гэсэн үйлдэл юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ