30 гэр бүлийн төлөөлөл Ч.Хүрэлбаатар татагдах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын сайд нарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад буй. Тухайлбал, тэрээр “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хориг тавьж байна” хэмээсэн.

Уг хоригийн талаар Ч.Хүрэлбаатар “Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв юм. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж буй цэвэр улстөржилт гэж харж байна. Учир нь З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Увс аймагт очоод шившигтэйгээр хөөгдөж ирсэн. Тэрэндээ өс зангидаад байгаа юм болов уу” гэж хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Хуулиндаа Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр мэдээж УИХ олонхиороо хүлээж авахгүй учир асуудал яаж эргэхийг тааварлашгүй юм.

Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн адилаар “бүсээ чангалж” ажиллах ёстой. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийг тэтгэмж олгох байдлаар 55 тэрбум төгрөг тараах санал гаргасан. Энэхүү шийдвэрийг амтай хүн бүр “буруу шийдвэр” гаргалаа гэж ярьж, толгой сэгсэрч буй. Түүнийг анх Сангийн сайдаар томилогдоход “мэдлэгтэй, чадвартай сайн хүн боллоо” гэх хүмүүс олон байсан. Гэтэл одоо хүмүүсийн бодол өөрчлөгдөөд эхэлчихэж. Мөн 30 гэр бүл гэж хэнийг хэлээд байгаа юм бол? Нэг нь лав Ч.Хүрэлбаатар юм байна. Үлдсэн 29 нь хэн бэ гэдэг олны анхаарлыг эрхгүй татаж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригийн тухайд тодорхой үндэслэл алга байгаа юм. Гучин гэр бүлийн нэг гэсэн нь үндэслэл болж чадахгүй. Хууль зөрчсөн зүйл байвал үндэслэл болгож тодорхой заах хэрэгтэй.Хэрэв үгүй бол Ч.Хүрэлбаатарын хэлээд байгаа “арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахаа больё, гишүүдийн нэр дээр мөнгө авдгаа больё, ирэх онд бүх хүүхдийг цэцэрлэгт хамуулдаг болно, гурван ээлжтэй сургуульгүй болно” гэх мэт нааштай саналуудыг улстөрийн зорилгоор далдуур эсэргүүцэж байна гэж ойлгогдоно. Иймд Ч.Хүрэлбаатар сайдыг яагаад эсэргүүцээд байгаагийн учир удахгүй тайлагдана биз ээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ