Ц.Нямдорж, Б.Хурц хоёр "дийс" хийсэн долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
"Засгийн газар төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ" гэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ. Төслөөс сонголт хийж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт босгох арга замыг эрэлхийлнэ. Одооноос бэлтгэл хангаж, Олон улсын тендерийг энэ ондоо багтаан зарлаж шалгаруулалт явуулж ирэх хавар гэхэд барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэх боломжтой болно” гэсэн юм.
Б.Хурц : Ц.Нямдорж Эрдэнэтэд 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн
ТЕГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг.
Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж байсан. Улстөрийн зорилготой. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо бид захиалагчийн асуудлыг ярьж байна.
Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Энэ хүн бол Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахааг хийдэг. 2004, 2005, 2006 онуудад энэ хүн Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг" гэв.
Ц.Нямдорж: ТЕГ-ын даргыг би солино
Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.НямдоржТЕГ-ын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Миний хүү Анхбаярын нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон. Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино. Хурц өнөөдөр өөрийгөө юу хийдэг хүн бэ гэдгээ илчилчихлээ. Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан” гэв.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, УИХ-аас баталсан хуульд хэсэгчлэн хориг тавьсан байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцлээ.
Гэвч гишүүдийн 90.6 хувь нь “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ.
Нийгэмд
Багш нар өлсгөлөн зарлахаар болов
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос хугацаагүй ажил хаялт зарлахаар болсон талаар мэдэгдэл хийлээ. УИХ-ын 2017 оны төсвийн тодотголд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариу арга хэмжээ болгож төрийн албаны ажилтнуудад нэг удаа 300 мянган төгрөгийг тараахад шаардлагатай 55 тэрбум төгрөгийг суулгахаар хэлэлцэж байгаа билээ. Уг шийдвэрийг эсэргүүцэж, багш нар энэ сарын 30-ы өдөр буюу ирэх Даваа гарагт хугацаагүй ажил хаялтыг эхлүүлэхээр болсон байна. Мөн асуудал шийдэгдэхгүй тохиолдолд улс төрийн тэмцэлд шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.
П.Орхон Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо.Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гардуулан өгөв. Энэ үеэр Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхонг гавьяат тамирчин цолоор шагналаа.
"МҮЭХ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна" гэв
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Энэ талаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар "Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас бид хэлэлцээрийг хугацаагүйгээр завсарлуулах саналыг тавилаа. Мөн 2018 оны төслийн хүрээнд ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой санал Засгийн газраас оруулж ирээгүй учраас өчигдөр хэлэлцээрийг албан ёсоор завсарлуулсан. Тиймээс МҮЭ-ийн холбооноос энэ сарын 31-ний мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон.
Дэлхийд
БНАСАУ биологийн зэвсэг "хийдэг"
БНАСАУ-д цөмийн зэвсгийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ биологийн зэвсэг хийж байж болох юм гэж Харвардын их сургуулийн дэргэдэх судалгааны “Belfer” төвийн тайланд дурджээ.
Америкийн судлаачид Умард Солонгосоос оргон гарсан хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Пхеньяны эрх баригчид бүр 1960-аад оноос ийм ажил хийж байгаа хэмээн нотлож буйг Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
Номхон далайд таван сар хөвж явсан хоёр эмэгтэйг аварчээ
Хоёр нохойныхоо хамт задгай далайд дарвуулт завиар таван сар хөвж явсан хоёр эмэгтэйг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний десантын “Ашланд” хөлөг онгоцны багийнхан Япконы эргээс 1,4 мянган километрийн орчимд аварсаныг телевизийн “ABC News” суваг мэдээлжээ.
Жон Кеннедийг удахгүй үхнэ гэж бооцоо тавьж байжээ
АНУ-ын Үндэсний архивын газар АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн амь насыг бүрэлгэсэн хэргийн тухай нууц материалуудаас заримыг нь ил болгожээ.
Кеннедийн амь насыг бүрэлгэсэн хэргийн тухай ил болгосон материалын нэг нь түүний үхлийн нууцыг нээж байна. Америкийн 35 дахь ерөнхийлөгчийг амь үрэгдэхээс 3 долоо хоногийн өмнө Шинэ Орлеаны нэгэн бааранд нэг эр Кеннеди алагдаж үхнэ хэмээн 100 доллараар бооцоо тавьжээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ