Ц.Цогзолмаа: 300 мянган төгрөгийг хүн бүрт тэгшитгэж олгохгүй. Харин ажлынх нь үр дүнгээр урамшуулал хэлбэрээр

Өнөөдөр өглөө 08:30 цагт БСШУСЯ-нд багш нарын ажил хаялтын талаар Ц.Цогзолмаа сайд шуурхай мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас гаргасан шийдвэр дээр олон нийтийн дунд буруу зөрүү ойлголт яваад байна. Монгол Улсын Засгийн газар өөрсдийнхөө нөөц боломжоор төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг ямар нэг аргаар нэмэгдүүлэх, хөдөлмөрийг нь үнэлэх байдлаар ажлынх нь хариуцлагатай холбож 300 мянган төгрөг өгөх асуудал яриад явж байна. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй асуудал.

Олон улсын валютын сантай Монгол Улсын байгуулсан гэрээгээр бол 2019 он хүртэл цалин гэдэг томъёоллоор цалин нэмэгдүүлэх боломжгүй байгаа. Тийм учраас өөр ямар байдлаар энэ хүмүүсийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх вэ гэдгийг ярилцаад, нөхөн олговор, урамшууллын байдлаар олгох асуудал яригдаж эхэлсэн. 300 мянган төгрөгийг нэг удаа өгнө гэхээр эмзэглээд байх шиг байна. Оны төгсгөлд буюу 2017 ондоо 300 мянган төгрөг олгогдоод, дараа нь 2018 онд энэ мөнгийг дахин олгох 56 тэрбум төгрөг тусгагдчихсан байгаа гэдгийг хэлэхгүй бол нэгхэн удаа гал унтраах зүйл хийх гэж байна гэж ойлгоод байна.

Засгийн газар байгуулагдаад долоо хонож байна. Энэ хугацаанд багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж байгаа шаардлага, санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж ажиллаж байна. Энэ 300 мянган төгрөгийг хүн бүрт тэгшитгэж олгохгүй. Харин ажлынх нь үр дүнгээр урамшуулал хэлбэрээр энэ хөрөнгийг зарцуулна. Урамшуулал хэрхэн олгох талаар Засгийн газраас журам гаргана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ