ЗӨСҮТ-д 53.1 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс ЗӨСҮТ-д хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.1 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Хээрийн лабораторийн иж бүрэн багаж хэрэгслийг хүлээн авснаар зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд өвөрмөц, мэдрэг чадвар сайтай молекул биологийн аргаар хурдан хугацаанд оношлох боломж бүрдэх юм. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна.

Үүний нэг илрэл нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ная гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарласан. Уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” гурван жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ