С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар ирэх онд ОУВС-тай хэлэлцээ хийнэ


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр МҮЭХ-ны хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан юм. Харин энэ сарын 28-нд хэлэлцээр үргэлжилж, талууд тохиролцоонд хүрчээ. Энэ талаар өнөөдөр ХНХЯ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ноос мэдээлэл хийв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хэлэлцээрээр зөвхөн төрийн албан хаагчид бус нийт иргэдийн орлогыг хэрхэн нэмэх талаар хэлэлцэж, гурван тал санал нэгдсэн.
Хэлэлцээрийн хүрээнд төсвийн байгууллагын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2017, 2018 онд 112,0 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулж, зарцуулалтыг нь Засгийн газраас батлах журамд салбар салбарын хэлэлцээрээр нарийн зохицуулахаар тохиролцов.
Мөн 2018 онд инфляцын түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Олон улсын валютын сантай хэлэлцсэн. Улмаар ирэх оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар талууд нэмэлт хэлэлцээ хийхээр тохирлоо.
Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ангилал, зэрэглэлийг 2017 онд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг 2018 онд боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Төрийн албан хаагчдын ялангуяа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажиллагсдын цалин хөлс, орлого нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулах асуудлыг журамлаж, 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн онцлох асуудлын нэг юм" гэв.
Хэлэлцээрийн үеэр нийгмийн эмзэг, ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх зорилгоор2017, 2018 оны улсын төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон “Цалинтай ээж” хөтөлбөрт 208.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэрт 136.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.Орлого багатай иргэдийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор 2018 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хувиар бууруулах, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх асуудал нэмэлт хэлэлцээрт тусгаж, хэрэгжүүлэхээр болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ