Ардчилсан нам "тарна"


Ардчилсан намын нэр бүхий гишүүд намаасаа гарч, шинэ нам байгуулах талаар хэвлэлээр шуугиад буй. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дотоод хагарал, фракцуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, одоо бүр намаа тараах тухай ярьж байгаа гэнэ. Энэ нь гэхдээ тийм ч шинэ мэдээ биш юм. Учир нь 2012 оны сонгуульд ялалт байгуулж, парламентыг олонхоороо бүрдүүлсэн тус нам дотроо тэмцэлдсээр 2016 онд ялагдал хүлээсэн.
Гэхдээ энэ ялагдал АН-ыханд сургамж болсонгүй. Тэд тэмцэлдсээр 2020 онд АН-аас салбарласан шинэ нам сонгуульд өрсөлдөх тухай бор шувуу нисэх болжээ. Тухайлбал, АН-аас Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа аж. Гэхдээ мэдээж энэ яриа тархсан ч өөрсдөө бол үгүйсгэж буй. Өчигдөрхөн телевизийн сурвалжлагчийн энэ талаарх асуултад Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин “Бид намаасаа гарахгүй” гэсэн товчхон хариулт өгсөн юм.
Үүнтэй холбоотойгоор ардчиллын анхдагчдын нэг гэгддэг гавьяат жүжигчин Д.Сосорбарам өнгөрсөн жил намынхаа хуралд хэлсэн үгэндээ арчаагаа алдаж, нийгэмд нэр хүндгүй болж байгаа лидерүүдээ шүүмжлэхийн зэрэгцээ ийм ялзарсан намд байхаасаа ичиж байгаагаа хэлжээ. Аль ч тал руу хувирах “авьяастай” тэрбээр шинэ нам байгуулна гэдгээ ч мэдэгдсэн байна. Харин энэ удаад байдал бодитоор хэрэгжих маягтай болов.
Монголын улстөрд АН, МАН гэх хоёр том улстөрийн хүчин голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд намуудад итгэх итгэх суларч байгаа нь намуудын явуулж байгаа бодлого, үйл явцад тавьж буй дүн. Ингээд бодвол Монголд шинэ нам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ хэн бүхний мэддэг хэдэн танил улстөрчид л биш шүү. Ямартай ч хэрэг байдал хэрхэхийг харж л сууя даа.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ