Ч.Хүрэлбаатар хүлээснээсээ "мултарсан" долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоог хэлэлцэж, тус газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо.
Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан аж.
БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Томилолтын хугацаа нь дууссан учир Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.
У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар маргалдав
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар маргалдсан. Энэхүү маргаан юунаас болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодрууллаа. Тэрээр“Ерөнхий сайд ямар зарчим барьж заримыг нь буцаадаг юм бэ. Ч.Хүрэлбаатар ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хоёр, гурван баримт байсаар байтал энэ хүнийг яагаад улайран зүтгүүлээд байгаа юм бэ гэсний төлөө л Ерөнхий сайд над руу дайрч, давшиллаа” гэв.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар саналаа хэлсний дараа санал хураалт явуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон 84,8 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж, 84,8 хувийн саналаар батлагдлаа.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв
Ерөнхий сайд төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ арга хэмжээнд нийт 72.8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөлөө” гэлээ.Мөн хэрэгжүүлэхээр тусгасан бодлогын бусад арга хэмжээг 10062324 унших боломжтой юм.
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ерөнхийлөгч төсвийн тодотголд хориг тавив
УИХ 2017 оны төсвийг тодотгохдоо бүх шатны шүүх, прокурор, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доошхи бүх албан тушаалтнуудад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Үүний санхүүжилтэд зориулж 55 тэрбум төгрөг тусгасан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьжээ.
Нийгэмд
Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв
Монголын БШУҮЭХ-оос энэ сарын 1-ны өдөр мэдээлэл хийлээ. Тэдний төлөөлөл "Бид21 гишүүнтэй ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Ажил хаялтыг Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70,000 орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ. Бидний тэмцэл арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагаас эхлэн хугацаагүй үргэлжилнэ. Хэзээ бидний шаардлага биелнэ, тэр цагт тэмцэл зогсоно гэсэн байр суурьтай байна" гэв.
Гэмтлийн эмнэлэг нисдэг тэрэг ашиглаж эхлэв
Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоолыг энэ жил хийсэн билээ.
Тэгвэл энэ зогсоолд өвчтөн тээвэрлэсэн Нисдэг тэрэг өчигдөр 12:30 цагт буужээ. Ингэснээр ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг ашиглаж эхэлж байна.
Дэлхийд
БНАСАУ-ын цөмийн талбайд 200 хүн амь үрэгджээ
Умард Солонгосын Пунгеригийн цөмийн туршилтын талбайд хонгил нурснаар 200 орчим хүн амь үрэгджээ. Уг осол бүр есдүгээр сарын 10-нд болсон ч мэдээлэл нь өнгөрсөн мягмар гарагт л тодорхой болжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, барьж байсан хонгил нурснаар 100 орчим ажилчин нурангид дарагдсан байна. Үүний дараа хөрс дахин нурж, 100 орчим аврагч амь үрэгджээ.
Нью-Йоркийн террористад цаазаар авах ял "онооно"
Аравдугаар сарын 31-нд Нью-Йоркт террорын ажиллагаа үйлдсэн Узбекистинаас гаралтай Сайфулло Саиповт бүх насаар нь хорих юмуу цаазаар авах ял оноож болох юм. Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жун Ким ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна.
Саипов ногоон картаар Америкт ирсэн байжээ. Аравдугаар сарын 22-нд тэрээр машин түрээслэж, террорын ажиллагаа үйлдэхээр сургуулилт хийж эхлэсэн байна. Тэрээр ийм ажиллагааг үйлдэхээр бүр хоёр сарын өмнөөс төлөвлөсөн аж.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ