Ж.Батзандан: УИХ-ын зарим гишүүд Б.Хурцаас айдаг


УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилох гэж буйтай холбогдуулан эл асуудлаар томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр өмнөх парламентын үед Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдол удаа дараалан ирж байсан. Иймд дараах асуудлуудаар түүнийг шалгах ёстой гэж үзэж байгаа юм.
1. Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, гурван улсын хил дамнуулан хулгайлж, монголд хүчээр авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, улмаар хилс хэрэг тулгаж, эрүүдэн шүүх замаар амь насыг нь эрсдэлд оруулсан
2. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад гүйцэтгэсэн гэх хүмүүсийг яллахад нөлөөлсөн. Энэ асуудлаар би Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Бид генералаас асуух ёстой. С.Зоригийг хэргийн захиалагч ил болохоос нааш Б.Хурц гэдэг хүнийг дараагийн ажилд томилох нь утгагүй, хууль зөрчсөн хэрэг гэж би үзэж байна.
3. “Эрдэнэт” ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй. 49 хувийг Засгийн газар давуу эрхээр худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэтэл ХХБ-нд авч өгөх операцыг ТЕГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн. Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш Б.Хурц гэдэг эрхэм тагнуулыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж бодож байна.
4. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хилс хэргээр ялласан 5. Тагнуулын ерөнхий газрын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан Тэрбээр УИХ-ын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүний дэмжлэг авч байж томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.
"УИХ-ын гишүүд, олон бизнесмэнүүд Б.Хурц гэдэг хүнээс айдгийг би ойлгож байна. Гэхдээ алийн болгон айж амьдрах юм бэ. Насаараа айж амьдрах юм уу. ТЕГ-ын нэрийг барьж, олон хүний, бизнесийг булаасан гэдэг гомдол бас ирж байна. Б.Хурц гэдэг хүнд газар, лиценз, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс УИХ-д албан ёсоор өргөдлөө өг” гэв.
Мөн тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нээлттэй сонсгол явуулах санал гаргахад хэдэн гишүүн гарын үсэг зурснаар хэрэгжих вэ?
-19 гишүүн гарын үсэг зурснаар санал гаргах эрх нээгдэнэ. Би 19 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэ бодож байна. Хэрвээ гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог дэмжиж байна гэсэн үг.Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж амьдрах юм.
-Монголын олон гэр бүл Хурцаас айдаг гэж та хэллээ. Та үүнийгээ баталж чадах уу. УИХ-ын гишүүн хүн хүн гүтгэж болохгүй байх?
-Манай найз нөхөд, таньдаг хүмүүс, ээж маань хүртэл айж байна. Манай ээж над руу яриад 'Миний хүү Хурцын асуудлыг битгий яриач. Аймар хүн, Д.Энхбатыг авч ирээд аминд нь хүрсэн' гэж хэлсэн.Б.Хурц бол Монгол Улсын иргэн, тиймээс түүний томилгоотой холбоотой асуудлыг УИХ-аар ярих ёстой гэж би үзэж байгаа юм.
-Таны цаана Ц.Нямдорж байна гэсэн хардлага байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нартай зөвлөлдөж байгаа. Тэдэнтэй уулзсан. Б.Хурц өнгөрсөн дөрвөн жил Худалдаа хөгжлийн банкны биет төлөөлөгчөөр ажилласан. Ордонд бичиг бариад гүйдэг хүн байсан.Намайг ийм асуудалд ярихаар УИХ-ын гишүүд эмээдэг. Алийн бүр мафийн толгойлогчоос айж явах юм бэ. Зарим улс төрч надад хэлэхдээ Б.Хурцыг Өмнөд Солонгосын Элчин болгож холдуулахгүй бол “бөлдөгдөөд” байдаг юм гэсэн. Бөлдөгтэй улстөрчид Б.Хурцыг холдуулахын төлөө Элчингээр явуулж байгаа юм уу. Энэ бүх асуудлыг нээлттэй ярих хэрэгтэй.
М.Баясгалан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ