Д.Эрдэнэбат: Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх нь зөв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2017.11.07/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Бүлгийн гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Бүлгийн хурлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар саяхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдсан, Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа.

Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байгаа ажээ.

Мөн тус бүлэг 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг сануулав.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө оруулалтын бодлогыг томоор нь авч үзэх, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр байр сууриа хэлээд явна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ