Баримт дэлгэгдсэн ч байдал өөрчлөгдөөгүй долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Ж.Батзандан Хурцтай холбоотой баримтуудыг дэлгэв
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилох гэж буйтай холбогдуулан эл асуудлаар томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэн мэдээлэл хийлээ.
“Эрдэнэт” ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй. 49 хувийг Засгийн газар давуу эрхээр худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэтэл ХХБ-нд авч өгөх операцыг ТЕГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн. Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш Б.Хурц гэдэг эрхэм тагнуулыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж бодож байна” гэв.
“Эрүүл мэндийн даатгалын санг самрах гэж байна” гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар бол Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан байх ёстой. Энэ байгууллага нь Эрүүл мэндийн яамны эрх ашгийг биш Эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Одоо энэ санг самрах гэж байгаа юм байна. Үнэхээр өмнөх парламентад санал гаргаж, иргэдийн даатгалаас хүртдэг ашгийг нэмэгдүүлэх зорилгоор асуудалд хандаж ирсэн. Ер нь бол эмч нарын цалинг нэмэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудлыг төр өөрөө шийдэх ёстой.
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд хэвээр үлдлээ.
Үүний дараа "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Эцсийн хэлэлцүүлэгт 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгох санал дэмжигдлээ.
Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилуулахыг зөвшөөрөв
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг дэлгэснийх нь дараахан ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд саналыг зөвшөөрчээ.
Нийгэмд
Тусгай цэцэрлэгийн барилгын асуудлаар эцэг, эхчүүд жагсав
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар сувиллын цэцэрлэг, яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байранд өнөөдөр жагсаал хийлээ. Тус цэцэрлэгийн техник, эдийн засгийн үндэслэлийг 5.3 тэрбумаар тооцож, зураг төслөө гаргасан аж. Тухайн үед хотын дарга Нийслэлийн төсөвт суулгаж өгнө гэж амлаж байжээ. Амлалтын дагуу Нийслэлийн төсөвт 5.3 тэрбумыг суулгасан ч, улсын төсөвт 2.5 тэрбум буюу энгийн цэцэрлэг барих зардлаар санал оруулсан байна.
Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна
Дорноговь аймгийн Замын-Үүдээс энэ сарын хоёрны өдөр алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Харамсалтай нь охиныг эрэн хайх ажиллагааны үр дүнд төдийлөн ахиц гарахгүй байна.
Охиныг эрэн хайх ажиллагааг алга болсон өдрөөс нь эхэлсэн ч одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна Цагдаагийн Ерөнхий Газрынхан мэдээллээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг эрэн хайх ажиллагааг орон даяар хийж байгаа аж.
Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв
МБШУҮЭХ-оос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх аж. Тэдний хувьд үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно.
Дэлхийд
Улс төрчдийн оффшорын баримтууд нийтлэгдэв
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум ням гарагт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн оффшорын компаниудын үйл ажиллагааны тухай баримт бичгүүдийг нийтлүүлжээ. Эдгээр баримт бичигт 120 улс төрчийг дурдсан байна. Тухайлбал, тэдний дунд Канадын ерөнхий сайд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гишүүд, хоёрдугаар Елизаветагийн ордныхон, “Uber”, “Apple” компани оржээ.
Техасын сүмд халдлага гарч, 26 хүн амь үрэгдэв
Америкийн Техас мужид өнгөрсөн ням гарагт үл таних этгээд Баптистын сүмд өглөөний мөргөлийн үеэр хүмүүсийг бууджээ. Үүний улмаас 26 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан байна. Эрэгтэй цэргийн дүрэмт хувцас өмссөн байсан бөгөөд машин хөлөглөн зугатах гэсэн гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьцгаажээ. Сүмд хүмүүсийгбуудсан хүн нь Сан-Антонио хотын захын дүүрэгт аж төрдөг 26 настай цагаан арьстан Девин Келли гэгч байсныгтелевизийн ABC News суваг мэдээлсэн байна.
Хокинг хүн төрөлхтөний сөнөж үгүй болох хугацааг нэрлэв
Британийн эрдэмтэн Стивен Хокинг 2600 он гэхэд хүн төрөлхтөн үгүй болно хэмээн таамаглаж байна. Хүн ам хэт олширч, эрчим хүчний хэрэглээ ихсэх нь соёл иргэншилд заналхийлж, ингэснээр Дэлхий галт бөмбөлөг болж хувирна гэж Бээжинд дээд хэмжээний “Tencent WE” уулзалтад оролцогчидтой дүрс холбоогоор харьцсан физикч үзэж байгааг “Нью-Йорк пост” сонинд мэдээлжээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ