О.Баасанхүү: Б.Хурцыг яах гэж Элчин сайдаар оруулж ирсэн юм


УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй байгаа. УИХ-ын даргын зөвлөл дээр яриагүй асуудлыг Д.Дамба-Очир оруулж ирсэн. Хэлэлцэх хуульгүй болчихлоо гээд төлөвлөгөөт бус цагаар Банкны чухал хуулийг оруулж ирж, хууль зөрчлөө.
Банкны тухай хуулийн 50 хувь нь өөрчлөгдөхөөр байна. Үүнд хэд, хэдэн банкны эрхэд халдсан заалт орж ирж байна. Жишээлбэл, зээлийн дээд хэмжээний хязгаарыг төв банк тогтооно гэсэн заалт орж ирлээ. Банкны төлөөлөл, санхүүгийн төлөөлөлтэй уулзаж байр суурийг нь сонсох ёстой. Ийм учраас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж өгөөч.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өмнө нь УИХ-ын дарга шийддэг байсан. Тэгж байж Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж гээд тулхтай хүмүүсээ багтаадаг байсан.
Сонсголыг нь хий. Тэр Б.Хурц муу, муухай зүйлийг хэлээд Солонгос явчихаж болохгүй. Сонсголоор мэдэж авч байж, буруутай этгээдэд нь хариуцлага тооцож төр цэвэр болно. УИХ-ын Тамгын газраас сонсголтой холбоотой хачин тайлбар хийчихээд тойроод яваад байх юм.
Сонсголоор бүгдийг мэдэж авдаг байж, иргэд зөв сонголт хийнэ. Хэдэн зуун сая төгрөгт нэр холбогдсоныг цэвэрлэх юм бол сонголт. Цэвэршье гэвэл асуудлаа ярьдаг, бүтцээ ажиллуулдаг. Бүтцээ зөв бүрдүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол бид 2020 онд арчигдана. Төр хямраад эхлэх юм бол маш хүнд байдалд орно. Бүтцээ зөв бүрдүүлээд явах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нээлттэй сонсгол хийж байж, 42 сая доллар, Хятадын тагнуулын асуудлыг ил болгох боломжтой. 40 хэдэн хуудас асуудал алга болсон ч гэдэг юм уу.
Биенээ үндэслэлтэй хардмаар байна. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Гэтэл Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар юу яриад байгаа юм бэ. Яах гэж Б.Хурцыг Элчин сайдаар оруулж ирсэн юм. Гайтай хүнээ оруулж ирчихээд асуудал босгоод байх юм.
Ц.Нямдорж сайд аа, та хэлмэгдүүлдэг шүү. Та Р.Отгонжаргалаар боолгуулсан. Та Н.Энхбаярыг яллуулсан. Одоо цагаатга" гэв.
Энэ үеэр гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эдийн засгийн хүндрэлээс гарах зайлшгүй шаардлагатай. Жижиг зээлийг бид том зээлээр төлөөд хэдэн жил аргаллаа. Өнөөдөр банкны байдал ямар байгаа талаар Монголбанкны удирдлагаас хаалттай хуралдаан хийж, сонсох шаардлагатай. Моргейжийн хямрал бодитой нүүрлэж байна. Своп зээлийн гэрээ дуусаж байгаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Тиймээс хуралдааныг хаалттай горимоор шийдье.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед банк, санхүүгийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, Монголбанк эрх мэдлийг өөр дээрээ авсан, арилжааны банкны асуудалд оролцсон, Засгийн газарт хариуцлага үүрүүлсэн хууль оруулж ирж байна. Г.Занданшатар энэ хуулийг гишүүн байхдаа санаачилж байсан. Одоо та ЗГХЭГ-ын дарга хүн. Хууль тогтоомжийн тухай хуулийг бас зөрчлөө. Аливаа өргөн барьсан хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа 50 хувиас илүү агуулга алдуулж болохгүй гэдэг. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулийн 80 хувийг өөрчилж байна. Хуулийн төслийн үзэл баримтлал байхгүй. Дагалдах хууль тогтоол нь зөрчилтэй байна. Банкны холбоо энэ хуулийн төслийг зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулъя.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Банк санхүүгийн асуудал их эмзэг. Бид хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ Г.Занданшатар гишүүний оруулж ирж байгаа хууль шаардлага хангахгүй байгаа. Энэ хуулийн төслийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн. Гэтэл эргээд оруулаад ирж байна. Банкийг татан буулгахыг прокурор шийддэг. Гэтэл Захиргааны шүүхээр шийднэ гэж оруулж ирж байгаа. Зөрчилтэй зүйл их байгаа. Бүх хуульд өндөр шаардлага тогтоосон хуулиа мөрдөх ёстой. Төрд буруу жишиг тогтоож болохгүй.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир: Энэ удаад хэлэлцэх эсэхийг шийдээд авбал ажлын хэсэг гаргаадярилцаад явах боломж гарна. Хүч түрж батлах гэж байгаа зүйл биш. Арилжааны банкны хууль маргаантай. Тиймээс хэлэлцэх эсэх асуудлыг шийдье гэж байгаа. Саналын томъёолол их байгаа. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдээд ажлын хэсэг байгуулчихвал цаг хожоод хуулийн төсөл дээр илүү ажиллах бололцоотой болно" гэлээ.
Ийнхүү гишүүдийн байр суурийг сонссоны дараа УИХ-ын дарга дээрх хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв. Харин энэ хооронд УИХ дахь намын бүлгүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зөвшилцөх, чуулганы нэгдсэн хуралдаан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гарсан гишүүдийн саналыг мөн авах. Үүний тулд Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдахад ч буруудах зүйлгүй гэж УИХ-ын дарга хэлэв.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж чадаагүй. Тиймээс чуулганы хуралдаанаар хэлэлцэх нөхцөл хараахан үүссээгүй учраас тус хуралдааныг түр завсарлууллаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ