"МАН-ын Их хуралд 1309 төлөөлөгч оролцоно" гэв

МАН-ын ээлжит 28 дугаар Их хурал ирэх даваа гарагт эхэлнэ. Их хурлын бэлтгэл ажлын талаар МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Их хуралд нийт 1309 төлөөлөгч сонгогдсон. Үүний 1074 нь буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл, 236 нь буюу 18 хувь нь удирдах зөвлөлөөс албан тушаалаараа намын их хурлын төлөөлөгчөөр оролцоно.

Намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-наас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Энэ удаа нийт төлөөлөгчийн 24 хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн мэдээлэл өгөв. Их хурлын төлөөлөгчдийн 235 нь 18-35 насныхан, 514 нь 36-45 насныхан, 412 нь 46-60 насныхан байгаа аж.

Их хурлын хамгийн ахмад нь 88 настай МАН-ын дарга асан Г.Очирбат юм байна. МАН-ынхан их хурлаараа намын даргынхаа илтгэлийг сонсохоос гадна Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдалтай танилцах юм байна.

Мөн намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ