Б.Хурцын "ХУРЦ" фактуудтай долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлийг тоймлон хүргэж байна.

2018 оны төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хүрээнд орлого, зарлагыг баталаа. Тодруулбал, 2018 оны төсвийн жилийн тэнцвэржүүлсэн орлого нийт дүнгээрээ 5.2 их наяд төгрөг байх бол төсвийн зарлагыг 7.7 их наяд байхаар зааж өглөө.

Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулна

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц УИХ-ын Ж.Батзанданг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргаад буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө нь төрийн ордонд Б.Хурцын асуудлаар мэдээлэл хийхдээ “гадны орноос хууль бусаар хүн хулгайлан авчирсан. Д.Энхбатын үхэлд буруутай. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авч өгсөн” гэхчилэн тодотгоод байсан юм.

Харин Ж.Батзандан гишүүний зүгээс БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хууль бус асуудлуудаар нээлттэй сонсгол явуулах асуудлаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд одоогоор 20 гишүүн гарын үсгээ зуржээ.

Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжив

УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудал хэлэлцэж, дууслаа. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилох тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 78,6 хувийн саналаар дэмжлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр бүхий улстөрчид болон Тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хэрнээ таны хийсэн мэдэгдэл, хэлсэн зүйлс зэрэгтэй холбоотойгоор олон нийтийн эргэлзээг тайлах цаг болсон. Хэн дуртай нь чи алуурчин, хүн алсан, алаагүй гээд маш олон эргэлзээ үүсгэж байна. Энэ эргэлзээг тайлахгүйгээр томилгоо хэлэлцэж байгаа нь буруу” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

"Л.Болдоос болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан" гэв

УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдод хандан “Та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан , 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?” гэв.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар гадаадад сурсан төлбөрөө төлөөгүй нь илрэв

АТГ-аас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарласан. Тэгвэл эдгээр хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд тус сангийн зээлээр сурсан ч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. Түүнээс гадна УИХ-ын дарга М.Энхболдын үеэл дүү УИХ-ын гишүүн А.Ундраа мөн гадаадад сурсан төлбөрөө одоо болтол төлөөгүй нь илэрчээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүсэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдоос төрийн хамгаалалт хүсчээ. Тэрбээр хүсэлтдээ, “Миний бие Нийтийн сонсголын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, аравдугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь орж ирээд “Батзандан аятайхан байгаарай. Үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж заналхийлсэн болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан" гэжээ.

Нийгэмд

“Чингис хаан” одонг хүртэх эрхмээр Н.Түвшинбаяр тодров

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх эрхмээр Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр тодорчээ.

"Хуванцар тоглоомоос хавдар үүсгэдэг бодис илэрсэн" гэв

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж буй “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр профессор С.Өнөрсайхан “Судалгаагаар хүүхдийн тоглоомоос хром илэрсэн. Хром нь тоглоомонд гялалзсан гоё өнгө өгдөг. Энэ нь хавдар үүсгэгч бодисд тооцогддог.Гурваас дээш насны хүүхдүүдийн хуванцар тоглоомоос формальдегид бодис илэрсэн. Энэ бодис нь хавдар үүсгэдэг гэж олон улсын судалгаагаар тогтоогдсон” гэлээ.

Багш нь сурагчийнхаа шүдийг цөм өшиглөжээ

Анги даасан багш нь сурагчийнхаа хоёр шүдийг цөм өшиглөсөн хэрэг Төв аймагт гарлаа. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш Э гэгч эмэгтэй багш найман настай хүү Ө-гийн нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.

Дэлхийд

Газар хөдлөлтөд 445 хүн амь үрэгдэв

Иран, Иракийн хилд газар хөдлөснөөр амь үрэгдсэн хүний тоо 445 хүрээд байгааг телевизийн Press TV суваг мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас 7 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр 70 мянга орчим хүн орох оронгүй болжээ. Эхлээд 7,2 магнитудын, дараа нь 7,3 магнитудынхүчтэй хоёр газар хөдлөлт болсон байна.

"Каталонийн тусгаар тогтнолоос татгалзаж болох юм" гэв

Каталонийн тэргүүн асан Карлес Пучдемон бүс нутгийн тусгаар тогтнолоос татгалзаж болох юм гэжээ. Тэрээр Испанийн бүрэлдэхүүнд үлдсэнээр Каталонийн асуудлыг шийдвэрлэх арга олж болно гэж Германы “Вельт” сонины сэтгүүлчдэд ярьсан байна. Ингэхдээ тэрээр Каталоний сонгуульд оролцох эсэх тухай асуултад хариулахаас зайлсхийжээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ