МАН-ыг хэн эвлэж, эмхлэж чадах бэ?


МАН өнөөдөр XXVII Их хурлаа хийж намынхаа даргыг сонгоно. Өөрөөр хэлбэл, эрх баригч хүчнийг хэн удирдах вэ гэдгээс ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлж болох юм. Харин энэхүү сонголтыг МАН-ын 1309 төлөөлөгч хийнэ. Эдгээр хүмүүсийн 18 хувь нь 18-35, 39,3 хувь нь 36-45, 32 хувь нь 46-60 насныхан аж.
Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байсан бол өчигдөр 'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвших хүсэлт гаргасан нь олныг гайхашруулав.
Гэхдээ гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд болно гэж намын гишүүд нь үзэж буй.
У.Хүрэлсүх
МАН-ын дараагийн даргад хамгийн хүчтэй яригдаж буй эхний хүн бол У.Хүрэлсүх. МАН-ын дүрэмд УИХ-д олонх болсон тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байхаар заасан байдаг. Одоо У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа учир намын даргаа авбал гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болно. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаагаар дамжуулж МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх томоохон гүүр болно гэж үзэж буй.
Д.Хаянхярваа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд парламентын гишүүн гэдгээрээ бусад гурван нэр дэвшигчээсээ давуу. Парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Найрамдлын хотоор овоглож их улс төрд хөл тавьсан түүний тухай хар, цагаан олон мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байгаа. УИХ дахь 65-ын бүлэг хоёр “хуваагдаад” байгаа энэ үед гишүүдээ “эвлүүлж”, санаа бодлыг нь зангидах учиртай юм.
Н.Дэмбэрэл
Н.Дэмбэрэл бол улс төрд шинэ хүн биш. Гэхдээ хөшигний ард МАН-ын удаа дараагийн сонгуульд Пи-Ар зөвлөгөө өгч гар бие оролцож байсан бөгөөд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байв. Тэрээр “Шинэ үе гарч ирж байна, 20 гаруй жил явсан бидний зам болохгүй байна” хэмээн намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн.
Г.Майцэцэг
Ардчилалын сүүдэр дайрсан он жилүүдэд нэг хэсэг нь ганзага үүрч, гахай зөөсөн бол нөгөө хэсэг нь хилийн чанад руу явж, амьдрал хөөсөн. Чухам харьд цагаачилж, амьдрал хөөсөн хүмүүсийн нэг нь "Exclusive"брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг. Багаасаа бие даасан охин их сургуульд орсныхоо дараа сургалтынхаа төлбөрийг олохын тулд Варшавын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бэлэн хувцасны бөөний төвөөс хувцас бөөндөж аван жижиг захуудад худалдаалж, мөнгө олдог байсан гэдэг.
Тэрээр “Би МАН-ын дарга болчих юм бол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлал үзүүлж, бүх зүйлийг шинээр эхлүүлэх боломжийг нь олгоно. Бид нар өөр хоорондоо хангалттай өс зангидсан. Одоо өс зангидаад хол явахгүй. Мөн би 21 аймагт 100 үйлдвэр гэснийг мянган үйлдвэр болгохын төлөө ажиллана. Эдийн засаг, үйлдвэржилтийн төлөө эрс шинэчлэл хийнэ” гэж мэдэгджээ.
Хүйтний эрч өдөр өдрөөр нэмэгдэхийн сацуу Монголын улс төрийн халуун ч өсч байна. Энэ удаагийн МАН-ын Их хурал ялагдсан даргадаа хариуцлага тооцож, шинэ даргаа тодруулах үйл явц мэт харагдавч үнэн хэрэгтээ МАН эвлэх үү, хагарах уу гэдгийг ирэх өдрүүдэд харах л үлдлээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ