Б.Хурц: Би Ж.Батзанданг ална гэж хэлсэн


ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр орой “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Түүний ярианаас онцлох 16 эшлэл:
- Баавартай гэж байж байгаа царай нь минь л энэ шүү дээ. Гишүүд нэг бол нууцын зэрэгтэй асуудлыг ярь, битгий ярь гээд л байсан шүү дээ. Үүнийг л өөр тийш нь нугалж тайлбарлаад байгаа шүү дээ.
- Би Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ яамыг авахаараа юу хийдэг тухай дүн шинжилгээг л хийсэн. Энэ хүн өөрөө сайд байхдаа С.Зоригийн хэргийг Тагнуулын байгууллагаас сольж 32 ажилтанг сольсон байдаг. Сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаж 15 хүнийг хорьсон. Энэ хэргийн ажлын хэсэг тагнуул, цагдаагийн бүрэлдэхүүнтэй прокурорын өндөр хяналтад явагдсан. Бид Амганланбаатарын үгээр биш хөндлөнгийн баримтад тулгуурлаж илрүүлсэн.
- НО-той улсууд л нууцтай байдаг. Хууль бус юм хийсэн хүмүүс л нууцтай болохоос гэмгүй хүмүүс нууцгүй шүү дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л миний эсрэг орилоод байгаа шүү дээ.
- Ц.Нямдоржийн ярьдаг хоёр сэдэв л бий. Эрдэнэт, С.Зоригийн хэрэг. С.Зоригийн хэрэг чинь Эрдэнэтийн асуудалтай л холбоотой шүү дээ. Энэ хэрэгтэй холбогдуулж Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй.
- Ц.Нямдорж бид хоёрын хагарлын сэдэв нэгдүгээрт С.Зоригын хэрэг. Хоёрдугаарт хятадын тагнуулын асуудал, гуравдугаарт Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал.
- Ц.Нямдорж над руу яагаад ингээд байдаг гэхээр би үнэнг нь хэлсэн болохоор тэр. Өөр тагнуулын албатай холбоотой байсан уу гэвэл үнэн шүү дээ. Энэ хэрэг дээр нэгдүгээрт генерал Баатар өргөдөл өгсөн. Дараа нь Ц.Нямдорж өргөдөл өгсөн. Энэ бол 2016-2017 оны үйл явдал. 2017 оны эхний улирлаас энэ хэргийг ахиж шалгасан. Энэ хэргийг дахиж шалгаад нэгэнт 45 хуудас материал ил болчихсон юм чинь Улсын нууцаас гаргая гэж шийдсэн. Төрийн нууцын тухай хууль гээд 9 сараас мөрдөгдөж эхэлсэн хуулиар нууцын зэргээс гаргахад амархан. Доржнямбуу генералыг халж, Хурцыг зайлуулчихсан юм чинь одоо энэ хэрэг нууцын зэрэглэлээс гарахгүй.
- Би баталгаатай хэлье. Ж.Батзандангийн хэлсэн шиг 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Одоо захиалагч нь энэ гээд зарлавал ёстой хүн хэлмэгдэнэ шүү.
- Би "сахал" Эрдэнэбилэгийг танина. Миний эртний архи уугаад л, үймүүлээд явж байсан 40 мянгатын найз нарын маань л нэг. Би Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэхийн төлөө явсан нь үнэн. Эрдэнэтийн 49 хувь Монголд л үлдэх ёстой. Цаана нь Хятадын нэг, Казакын нэг компани авах гээд байсан. Ц.Нямдорж Хятадын компани аваагүйд уурлаад байгаа юм уу? Хүнд байгаа өмчөө Монгол буцааж авах нь чухал.
- Намайг Д.Энхбатыг хулгайлж авчраад тамлаж алсан гээд байна. Энэ бол улсын нууцаас гараагүй хэрэг. Би олон юм ярьмааргүй байна.Юу үнэн гэхээр хулгайлаагүй баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгснийг би холоос харсан. Би нэг юманд эмзэглээд байгаа юм. Үүнээс болоод Монголын Тагнуулын байгууллага муухай харагдаад байна. С.Зоригын хэрэгтэй холбоотой зөвхөн Д.Энхбатыг баривчилж авсан хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлтийг миний бие ТЕГ-ын дарга Д.Гэрэлд өгсөн.
- Ер нь хүүхэд биш дээ, тагнуулын офицер хүн зохиол бичээд сууж байдаг. Энэ чинь бас л гүтгэлэг шүү дээ. Хамгийн ноцтой юм нь Цогтбаатар хурандаагийн эхнэр нь гарч ирээд нууц дэлгэнэ гэж ярьсан нь асуудал шүү. Яг юу болсон юм гэхээр бэлэн 12 сая евротой Герман улсын иргэн Монголд цаг бусаар нас барсан хэрэг гарсан шүү дээ. Энэ хэргийг манай тагнуулын талаас хариуцаж байсан хүн нь хурандаа Цогтбаатар. Гэтэл тэр Герман хүний барьж байсан 9911-тэй дугаар болон, мерседес машиныг Цогтбаатар унаж байсан нь тогтоогдсон.
- Надад үнэндээ 53.5 тэрбумаас ч өндөр үнэтэй үнэт эдлэл бий. Энэ чинь үнэндээ миний эхнэрийн хөрөнгө. Миний эхнэр бол Ардын зураач Ү.Ядамсүрэн гэж алдартай зураач хүний ганц өв залгамжлагч. Эхнэрийн минь аав нь Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү Үржнээ гэж хүн бий. Улаан дээлтэй "Өвгөн хуурч" зэрэг урлагийн хосгүй бүтээлүүд одоо манай гэрт хадгалагдаж байгаа.
- Миний сарын орлого манай эхнэрийн хэлж байгаагаар 20-30 сая төгрөг юм шиг байгаа юм.
- Төр намайг явуулж байгаа болохоос би Солонгос руу явах гээд байгаа юм биш шүү дээ. Төр намайг боль гэвэл би больчихно. Би төрөө дээдэлдэг хүн. Анх 1999 оноос би төрд ажилласан.
- Улсын нууц байсан нь зарим хүнд ашигтай байгаа бол, зарим хүнд улсын нууцаас гаргасан нь ашигтай байх шиг байна.
- Олон нийтийн сонсголд би орно. Болвол хаалттай болгох гээд байх шиг байна. Нээлттэй болсон ч би УИХ-ын гишүүдийн асуултад хариулаад л гарна. Би нээлттэй сонсголд орно шүү дээ. Огт жийрхээгүй.
- Би Ж.Батзанданг ална гэж хэлсэн. Алахдаа би өөрөө алаад хэргээ хүлээнэ гэсэн. Яагаад гэвэл гишүүн өөрөө намайг ална гэж хэлээд гуян дээр цохьсон юм.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ