У.Хүрэлсүх эв нэгдлийг эрхэмлэж чадах уу?


МАН-ын 28-р Их хурал хоёр өдөр хуралдаж эцэстээ даргаа сонголоо. Тухайлбал, Их хуралд оролцож байгаа 1,229 төлөөлөгчийн дунд нууц санал хураалт явуулахад У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч МАН-ын дарга боллоо. Их хурлын өмнө У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нар албан ёсоор намын даргад өрсөлдөхөө зарласан бол оёдолчин бүсгүй Г.Майцэцэг мөн нэмэгдсэн. Ардын намын даргад хүч үзэхээр шийдсэн Г.Майцэцэг “Даргаар нь сонгогдвол намынхаа лидерүүдэд улс төрийн уучлалт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан ч МАН-ынхан “манай намын гишүүн биш” гээд түүнийг тоосонгүй.
Тийнхүү Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат хоёр нэрээ татаж, санал хураалт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөлөө. Эцэст нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болж чадлаа. Намын даргаар сонгогдсоныхоо дараа тэрбээр “Энэ түүхэн Их хурлаар МАН-ын дарга гэсэн түүхэн хариуцлагатай үүргийг та бүхнээсээ хүлээж авлаа. МАН бол эцэг нам. Энэ Монгол Улсыг дэлхийн бүрэн эрхт улс болгож чадсан нам бол МАН.
МАН ямар эрх мэдэлтэй, хүч чадалтай вэ гэдгийг одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно. УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна” гэв.
Тэр ийнхүү намынхантайгаа гар барилаа. Үнэхээр түүний хувьд цаашид их ачаа, хариуцлага ирж байгаа. Ирэх 2020 оны сонгуульд намаа ялалтад бэлтгэх, улс төрд шинэчлэл хийж чадах эсэх нь түүнээс хамаарна. Түүнийг МАН-ын хөдөлж цөхсөн, хөшингө байдлыг эвдэж, арай илүү эрч хүчтэй, сонирхолтой болгоно гэдэгт хүмүүс найдаж буй. Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Харин тэд хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ