О.Баасанхүү: УИХ-ын гишүүд цэцэрлэгийн хүүхдээс дор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.40 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх,Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуульболон Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын дарга танилцуулсан.

Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтад хэд хэдэн санал оруулахыг гишүүд хүслээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хууль батлаад байдаг. Баталсан хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна гэх шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудаас хэлж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байна. Аудитын байгууллага эсвэл УИХ-аас ажлын хэсэг байгуулах зэргээр баталсан хууль амьдралд хэрэгжихгүй байгаа тохиолдол хэр байгаа, цаашид баталсан хууль амьдралд хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг оруулах санал гаргаж байна” гэлээ. Түүний саналыг УИХ-ын дарга хүлээн авч, судалгаа, мэдээлэл цуглуулах үүргийг УИХ-ын Тамгын газрын даргад өгсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ долоо хоногт нээлттэй сонсгол хийх ажлын хэсгийн хуралдаан хийхээр цаг товлосон ч гишүүдийн ирц хүрэхгүй байна гэсэн буруу мэдээлэл олон нийтийн дунд явлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг хуралдах асуудлыг шийдвэрлээгүй, энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг ярилцсан. УИХ-ын чуулган дээр ТЕГ-ын даргад гүтгүүлсэн хүн нь би. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хуулийн байгууллагаар шалгах ёстой. Гэтэл энэ өдрүүдэд АТГ-аас Хойд Солонгосоос мэдэгдэл ирсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ цаг үед ийм асуудлыг ярьж байгаа нь буруу байна. Үүний цаана УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулах, бүгдийг барьж байгаа гэх ойлголтыг олон түмэнд өгч байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай” гэлээ. УИХ-ын даргын зөвлөлөөс нээлттэй сонсголын ажлын хэсгийг энэ долоо хоногт хуралдуулах үүргийг өгсөн. Ажлын хэсгийн ахлагч хуралдаанаа яаралтай хийх ёстой гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан эхлэх цагаас 40 минут хоцорч ирлээ. УИХ-д ямар бодлогогүй, хариуцлагагүй хүмүүс сууж байна вэ. Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй байхад УИХ-ын гишүүд нь 40 минут хоцорч байхад чуулганы хуралдаандаа орж ирэхгүй байна. Ийм байдлаар явж болохгүй. Түүнээс гадна нээлттэй сонсголын ажлын хэсэг хоёр удаа хуралдахаар зарлагдсан ч хойшилсон. Ажлын хэсгийн хуралдааныг хуралдуулах чиглэл өгөх ёстой. Мөн утааны асуудлыг УИХ ярьж, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ асуудлыг ярих, УИХ-аар хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Түүний ирцтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Мөн УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай” гэв.

Үүний дараа санал хурааж, УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ