С.Зоригийн хэрэг нууцаас "гарсан" долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
“М.Энхболд сонгуульд ялагдсаны хариуцлага үүрэхгүй” гэв
МАН-ын 28-р их хуралтай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр “Аливаа улс төрийн намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоны дараа хариуцлага тооцдог зүйл байдаггүй. Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгнө гэсэн заалт бий. Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл тухайн орон нутгийн байгууллагын удирдлага хариуцлага хүлээж, ажлаа өгдөг дүрмийн заалттай” гэв.
“Арилжааны банкны завхрал цадигаа алдсан” гэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Арилжааны банкны хүрээнд явагдаж байгаа завхрал цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд гурван сая иргэнтэйгээ орсон. Үүний үндсэн нэг шалтгаан нь охин компани байгуулах асуудал. Хууль оруулж ирэхдээ үүнийг хөндөхгүй байдлаар оруулж ирсэн байна. Яагаад үүнийг хөндөөгүй юм бэ” гэлээ.
Б.Жавхлан: Тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна
Монголбанкны Ерөнхийлөгч асан Г.Золжаргалыг шалгасантай холбогдуулан тухайн үед тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан гишүүн болон дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг давхар шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр “Шалгаж байгаа гэх асуудлын тухайд одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд үндсэндээ 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Төв банкны Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан” гэв.
Сү.Батболд: Оффшор бүсэд данс байхгүй гэдгийг мэдэгдье
УИХ-ын гишүүн Сү.Батболд өчигдөр мэдэгдэл гаргалаа. Тухайлбал “УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна. Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна” гэсэн байв.
14926 хуудас хавтаст хэргийг нууцаас гаргав
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох хавтаст хэргийг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Хуралдаанд уг хэрэгтэй холбогдох танилцуулгыгТЕГ-ын дарга Д.Гэрэл хийсэн аж.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ” гэв.
Нийгэмд
"БЗД-ийн ИТХ хууль бус үйл ажиллагаа явуулж байна" гэв
БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн хуралтай холбоотой бус асуудлаармэдээлэл хийлээ. БЗД-ийн ИТХ-ийн МАН-ын бүлгийн дарга Б.Галцог "МАН-ын бүлэг хуралдаа суухгүй, мөн үйл ажиллагаандаа оролцохгүй байна гэх ташаа мэдээллийг АН-ын бүлгээс олон цацсан. Харин бид эсрэгээрээ ажлаа үргэлжлүүлж, хуралдаа сууя гэх үүднээс хариу өгсөн ч тус бүлэг хууль бусаар бүрэн эрхгүй долоон гишүүнийг хуралдаа суулгаад байна. Тиймээс энэ байдлаа зогсоовол бид хуралдаа сууж, хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн байр сууриа илэрхийлж байгаа" гэлээ.
ХДХВ-ын халдвартай хүний тоо 249-д хүрэв
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг Монгол Улс "Би сэргийлж чадна. Харин та..." гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор нас барсан 5 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Дэлхийд
Путинийг Трамптай уулзах үеэр хордуулах гэж байсан уу?
"Америкийн төлөөлөгчид сонин шаардлага тавьснаас болоод АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэртөрийн тэргүүн нар бүрэн хэмжээний хэлэлцээ хийгээгүй юм" гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Америкийн түншүүд өөрсдийнх нь түрээслэсэн танхимд уулзахыг шаардаж, өөр ямар нэг саналыг хүлээж аваагүй байна. Тун өвөрмөц гэмээр байранд Оросын ерөнхийлөгчийг дуудаж оруулахыг Америкчууд тэгтлээ их хүсч байсан нь Оросын аюулгүй байдлыг хангах албаныханд болгоомжлол төрүүлэхгүй байж чадаагүй ажээ.
Хунтайж Харри жүжигчин бүсгүйтэй сүй тавьлаа
Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн отгон ач хүү хунтайж Харри болон Америкийн жүжигчин бүсгүй Меган Маркл нар сүй тавьсан тухайгаа зарлажээ. Twitter-ийн нийгмийн сүлжээний албан ёсны “Clarence House” хуудсанд энэ тухай мэдээ тавигдсан байна.Хурим 2018 оны хавар болох гэнэ.
БНАСАУ дахин баллистик пуужин туршжээ
Умард Солонгос дахин баллистик пуужин харваж, 1000 орчим километр нисээд, Японы эдийн засгийн бүсэд унасан байна. Ингэхдээ пуужингийн нислэгийн хамгийн дээд өндөр нь 4000 гаруй километр байжээ. Пентагоны мэргэжилтнүүд үүнийг баллистик пуужин байсан гэж урьдчилан дүгнэсэн байна. Энэхүү туршилттай холбогдуулан АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардсан бөгөөд уг хуралдааныг өнөөдөр хийхээр товложээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ