Нээлттэй сонсгол хийх эсэхийг өнөөдөр шийднэ


УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг өнөөдөр /2017.12.05/ 14.00 цагт хуралдахаар болжээ.
Тус ажлын хэсгийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохтой холбогдуулан нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг шийдэх юм. Тодруулбал, УИХ-ын 21 гишүүн Б.Хурцын томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол хийх санал гаргасны дагуу УИХ-ын даргын зөвлөлөөс ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг шийдэх үүрэг өгсөн юм.
Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч цуглаж, ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар харин Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх асуудал эцэслэгдэх бололтой.
Хэрэв ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийнэ гэвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулна. Ингэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй байх уу, хаалттай байх уу гэдэг дээр мөн шийдвэр гаргана.
Харин ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай санал дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэн, Б.Хурцыг томилох асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ