З.Энхболд: Багийн даргын машиныг шинэчлэх гэдгээ больчих


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч 2018 оны төсвийн хуульд хориг тавихдаа УИХ төсвийн алдагдлыг багасгах боломжийг ашиглаагүй, зураг төсөл нь хийгдээгүй обьектод зориулж хөрөнгө оруулалтын зардал тавьсан зэрэг үндэслэлийг иш болгожээ.
Хоригтой холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоригт УИХ-ын гишүүдэд 3 тэрбум төгрөг суулгаж өгчээ гэжээ. Миний нэртэй тойрогтоо зарцуулах 3 тэрбум хаана байна вэ. Багийн Засаг даргад 30 сая төгрөгөөр машин авах юм байгаа юм уу. Замбараагүй юм байна гэж хоригт дурджээ. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Японоос 850 сая ам.доллар авна гэлээ. Алдагдалгүй төсөв баталж болдоггүй юм уу? Сангийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёроос хариулт авмаар байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2018 оны төсөвт УИХ-ын гишүүний гэсэн мөнгө огт байхгүй. УИХ-аар улсын төсвийг батлах явцад 58 тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Эхэлчихсэн ажлыг 2018 онд дуусгахын тулд хөрөнгө оруулалтыг нэмсэн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэнбодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан. 2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй.
Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болсон байна. Төр өөрийнхөө мөнгийг банкинд байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо ужгирсан байна. Энийг засахаар ажиллаж байна.
Өндөр хүүтэй авдаг зээлийг багасгая. Өмнөх өндөр хүүтэй авсан зээл,үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна.Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: УИХ-ын гишүүн О.Баасанхүүд 3 тэрбумын зарлага гэж төсөвт суулгахгүй. Өмнөх парламентын үед зураг төсөлгүй ажил төсөв хэлэлцэх үеэр гэнэт оруулж ирдэг, тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтын зардлыг алга болгосон байсан. Шаардлагатай улсын хөрөнгө оруулалтыг нэмнэ үү гэхээс тойргийн юм оруулдаггүй байсан. 125 арга хэмжээний хөрөнгийн зардлыг хэмнэх бололцоотой. Одоо багийн даргын машиныг шинэчлэх гэж байна. Энийгээ больчих л гэж байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ