Б.Хурц Унгараас яагаад хөөгдөв?

Монгол Улсаас БНУУ-д сууж байсан элчин сайд Т.Султанаас тухайн үеийн Тагнуулын Ерөнхий газрын дарга М.Батсайхан болон Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуун нарт илгээсэн албан бичиг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.

14 жилийн өмнөх энэхүү албан бичигт Б.Хурц нь Унгарын ЭСЯ-нд тусгай томилолтоор томилогдсоноосоо хойш тухайн улсдаа нэг ч өдөр албан үүргээ гүйцэтгээгүй, европын орнуудаар хэсүүчлэн наймаа хийж байгаа талаар мөн дипломат ёс зүйд үл нийцэх асуудалд орооцолддог хүмүүсийг дипломат албан тушаалаар халхавчлан ажиллуулах нь зохимжгүй байгаа талаар дурджээ.

Мөн Унгарын ГХЯ-наас Б.Хурцын түр оршин суух үнэмлэхийг буцаан хураалгахыг сануулсныг, Хилийн цагдаагийн газраас “Монголын зарим албаны хүмүүс европын орнуудыг дамжиж, хууль бус наймаанд оролцдог үйлдэл бидний анхаарлын төвд байна. Энэ талаар ЭСЯ-тай хамтран ажиллаж, туслалцаа авах шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэнийг ч уламжилсан байгаа юм. Түүнчлэн Польшийн Люблин хотын Цагдаагийн газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын эгч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдэг нь хэдийнэ тогтоогдсон байна. Эдгээр мэдээлэл Б.Хурц ч бас төрөл садангуудынхаа хамтаар хууль бус наймаанд оролцож байсныг хэлээд байгаа юм.

Элчин сайд Т.Султан монгол руу албан бичиг илгээсний дараахан Б.Хурц A PERSONA NON GRATA буюу “тааламжгүй этгээд” гэх нэршлээр цагаан хуудсаар европоос хөөгдөн гарсан байдаг.

Төрийн албаны нэрийг ашиглан хувийн бизнесээ өргөжүүлдэг төдийгүй бусдыг хилс хэрэгт гүтгэдэг гэгдэх энэ эрхэмд монголын төр өртэй мэт байнга өндөр сэнтийд залах юм. Хамгийн сүүлд ТЕГ-ын даргаас буусных нь дараа Солонгос руу элчингээр томилохоор нэрийг нь дэвшүүлэхэд нэр бүхий гишүүд эсэргүүцэж, Б.Хурцад холбогдох асуудлуудаар сонсгол хийхийг шаардаж эхэлсэн ч хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж аргацаасаар өнөөдрийн чуулганаар томилогоог хүчээр оруулж ирж хэлэлцэх гэж байгаа талаар Ж.Батзандан гишүүн жиргэжээ.

Б.Хурцад холбогдох асуудлууд хэсэгхэн хугацаанд дуулиан тариад шийдэгдэлгүй замхардаг "цагаан захтнууд"-ын хэргийн араас бүү ороосой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ