Хар жагсаалт ба хоригтой долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зарлагын хэсэгт хориг тавив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Хоригт “Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна” гэж байв.
Монгол Улс оффшор бүсийн ”Хар жагсаалт”-д багтав
Европын холбооноос өчигдөр оффшор бүсүүдийн нэрсийг гаргасан хар жагсаалтыг зарлав. Дээрх жагсаалтад манай улс багтжээ. Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын ил тод байдал, татварын хувь хэмжээ гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай төдийгүй Европын Холбооны татварын стандартай хэр нийцэх эсэхийг харгалзан үзсэн байна.
ИХТ төрийн албанд ажиллахаар болов
УИХ-ын чуулганы /2017.12.07/ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих болж байна. Ингэснээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдлээ.
УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийх эсэхийг шийднэ
БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцыг томилох асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг шийдэх ажлын хэсэг өчигдөр /2017.12.06/ байнгын хороонд дүгнэлтээ танилцуулсан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, Б.Хурцын томилгоотой холбоотой иргэдээс ирсэн өргөдлийн дагуу нээлттэй сонсгол хийх асуудлыг УИХ-д дарга танилцуулахаар болжээ.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны төсвөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Нийгэмд
Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаа эрхэлдэг нийт 19,735 ААН шалгалт хийв
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал боллоо. Хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн ажил, мөн цаашдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тайлагнасан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 14,194, нийт 19,735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 5,514 зөрчил илрүүлэн 3,967 буюу 71.9 хувийг нь арилгуулж 136 сая орчим төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулсан байна.
Б.Ариунбилэг ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
Энэ сарын 1-3-ны хооронд Индонези улсын Жакарта хотод болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогдсон билээ. Монгол улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн, багийн дүнгээр 22531 оноо цуглуулжээ. Харин бага насанд нийлбэр дүнгээр Олон улсын Их мастер Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга болсон бол дэд байранд Ш.Наранбат 3846 оноо, удаах байранд Т.Үжин 3327 оноогоор байр эзэлсэн байна.
“Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд биднийг гүтгэж байна” гэв
Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийлээ. Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр "Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс биднийг гүтгэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн юм. 2015 оны Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан гурван тамирчинд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хуурамч виз хийж өгч, улмаар тэд Арабын улсад 40 цаг саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй” гэв.
Дэлхийд
Орос улс олимпийн наадамд оролцоно
"Эрх баригчид Солонгосын Пёнчанд болох 2018 оны өвлийн олимпийн наадмыг хясан боохгүй. Өөр статустайгаар олимпийн наадамд оролцохоор хүсч буй оросын тамирчдад төрийн зүгээс саад тотгор учруулахгүй" гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэв.
“Бид ямар ч хориг хаалт тавихгүй, хэрвээ хэн нэгэн тамирчин хувийн журмаар оролцохыг хүсч байгаа бол, олимпийн наадамд оролцоход нь саад тотгор учруулахгүй” гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.
“ИУ” бүлэглэлийг устгаж Сири улс чөлөөлөгдөв
“Исламын улс” бүлэглэлийн бүх анги салбарыг устгаж, харин Арабын Бүгд Найрамдах Сири Улсын нутаг дэвсгэрийг террористуудаас бүрэн чөлөөллөө гэж" ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов мэдэгдэв. Сирийн зэвсэгт хүчин Дейр-эз-Зор мужид радикал үзэлтнүүдийн сүүлчийн голомтыгустгасныг тэр тодруулан тайлбарлажээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ