МАН эвлэрч МАХН хоёр хуваагдах цаг дор

Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАХН хоёр талд Их чуулганаа хийлээ. Тухайлбал, бямба гарагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгов. Гэхдээ энэ хурлыг албан ёсны хурал биш гэж тус намын зарим удирдлага, гишүүд үзэж буй юм. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд болох С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй зарим хүмүүс тус хурлыг дүрмийн бус хэмээн эсэргүүцэж байгаа юм. Ийнхүү өчигдөр буюу ням гарагт “Аса” циркт Н.Энхбаяр тэргүүтэй зарим гишүүд хуралдсан байна.

Анхнаасаа хэлтэй амтай, хэрүүл будилаантай эхэлсэн энэ Их чуулган зохион байгуулалтын асуудал хэлэлцснээс гадна намын дүрмийг шинэчлэх асуудлын ч бас ярилцжээ. МАХН 2011 онд намын дүрмээ баталж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Харин 7 жил болж байхад нэг ч Их хурал хийгээгүй аж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Хурал хийе гэж ярьснаас хойш айлган сүрдүүлэлт, доромжлол хэрээс хэтэрсэн. Их хурлаа хууль журмын дагуу явуулахын тулд аймаг, дүүргээс хоёр төлөөлөгч ирэх ёстой байсан. Харамсалтай нь, бямба гарагийн өглөө 08.00 цагийн үед архи уусан, том биетэй залуус, намын нэр барьсан хүмүүс гэнэт гарч ирсэн. Тэр дотор манай намын З.Баянсэлэнгэ, Б.Тулга нар байсан. Гэхдээ Их хурлын ирц 70 орчим хувьтай байгаа тул эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид Н.Энхбаяр даргад урилга хүргүүлсэн боловч ирсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Харин нөгөө талд С.Ганбаатар “МАНАН-ийн савраас Монгол орноо хамгаалах зорилготой хурал зохион байгуулсан. Гэтэл О.Баасанхүү бол луйварчин, аюултай яг л баас шиг хүү болсон байна. Тэр бол МАНАН-ийн захиалгаар МАХН-ыг устгахын төлөө ажиллаж байна” гэв.

МАХН нам байсаар байгаагийн гол зүйл нь Н.Энхбаяр гэж ярих хүмүүс бий. Гэхдээ МАХН оршин байгаа гол зүйл нь МАН, АН-ын нэр хүнд унаж, сонгогчид энэ хоёр нам л биш бол гэсэн хүлээттэй байгаагийн хамгийн том жишээ болов уу. 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын хэдэн хувь нь цагаан сонголт хийснийг ч энэ бүхэн гэрчилнэ. Гэхдээ тэдний улстөрд хүчтэй тоглогч байх эсэх нь зөв бодлого, бүрэн шинэчлэлтээс шалтгаална.

МАН-ын 65 гишүүн 32, 33-ын бүлэг болж хоорондоо жийлцэж байсан цаг саяхан. Тэдний маргаан намжиж дуусаагүй байхад МАХН дотроо хоёр хуваагдчихав. Ямартай ч МАХН хоёр даргатай болчихлоо. Хэсэг хугацааны дараа хэн нь энэ намын дарга болох, хэн нь хууль бус хурал зохион байгуулав гэдэг нь түмэнд тодорхой болох биз ээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ