Б.Хурц явж, С.Баяр ирэх болсон долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

С.Баяр, С.Батболд нарын оффшорын асуудлыг шалгана

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Сү.Батболд оффшор бүсэд бүртгэлтэй "Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж татвар төлөхөөс зайлхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл цацагдсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллүүд гарсан. Иймд эдгээр мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна" гэв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Д.Лүндээжанцан нарт гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд ямар саналыг дэмжсэн болон дэмжээгүй талаар танилцууллаа.

Үүнд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах гэснийг иргэд дэмжсэн. Харин Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх хэсгийг хасах гэснийг иргэд дэмжээгүй" гэлээ.

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гарав

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн /2017.12.14/ хуралдаанаас гаргажээ. С.Баярыг Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас чөлөөлөгдөхийг шаардсан юм

“УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар дөнгөж сая /2017.12.14/ мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Хурцын асуудал бол ганц хүний асуудал биш. Гэтэл нээлттэй сонсгол хийх хүсэлтийг Байнгын хорооноос Байнгын хороо руу шилжүүлээд, иргэдийн өргөдлийг хэлэлцэх бодол алга. Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг аваад ир гээд яриад сууж байна.

Энэ УИХ-ын гишүүдийн ихэнх нь барьцаанд байна. Тиймээс гарын үсэг зурсан 22 гишүүн цөөдөхгүй. Бидний тэмцэл өнөө, маргаашдаа мухардалд орж мэднэ. Гэхдээ маргааш өргөдөл бичсэн иргэдийг цуглуулаад, нээлттэй сонсгол хийхээр болсон. Ийм эрх гишүүдэд бий гэж ойлгож байна" гэлээ.

Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд "УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй" гэжээ. Ингэснээр Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 хувь нь дэмжсэн байна.

“Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг бид дахин шалгуулна” гэв

УИХ-ын гишүүнЖ.Батзандан, Л.Болд нарын санаачилгаар БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй Б.Хурцын асуудлаар өчигдөр нээлттэй сонсгол хийлээ. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “Хууль бус тушаалыг хэрэгжүүлэхгүй байх эрх Монгол Улсын иргэн бүрт байгаа. Хуулиас дээш тушаал байдаггүй юм. Үүнийг бид дүгнэлтдээ оруулна.

Цаашдаа сөрөг тагнуул асан Цогтбаатарыг ялласан асуудлыг сэргээн шалгах, гадны орнууд дамжуулан Д.Энхбат агсныг хулгайлсан хэргийг бид дахин сэргээн шалгуулна. Эрдэнэтийн 49 хувийг нэг залууд Б.Хурц авч өгсөн гэдгээ тодотгосон. Энэ бол ТЕГ-ын даргын үүрэг биш” гэв.

Нийгэмд

Сурагчдад эрүүл мэндийн хичээл орно

2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд “Эрүүл мэндийн хичээл”-ийг “Хүн ба Орчин”, “Хүн ба Байгаль”, “Хүн ба Нийгэм” хичээлд интеграци байдлаар тусган оруулах болсон. Энэ хугацаанд эрүүл мэндийн хичээлийг голд нь тасалсан удаа байхгүй ч, мэргэжлийн бус багш нар орж байсан нь өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлийн агуулгыг бүрэн хүргэж чадаагүйтэй холбоотой гэж судлаачид үзжээ.

Харин эрүүл мэндийн байгууллагуудын уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр, сэтгэц заслын хамт орохоор болсныг мэдэгдсэн юм.

"15-19 насны иргэдийн дунд ДОХ-ын өвчлөл их байна"

Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Харамсалтай нь, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насныхан байдаг ажээ. Тэд ихэвчлэн бэлгийн замаар халдвар авдаг гэнэ. Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг.

Монгол Улс ДОХ болон Сүрьеэ зэрэг өвчний тархалтыг бууруулахын тулд 2003 оноос Глобал сангийн санхүүжилтыг авч ирсэн. Энэ хүрээнд, 2003-2020 оныг дуустал ДОХ-ын вирусын тархалтыг бууруулахын тулд нийт 24.5 сая ам.долларын санхүүжилт авчээ. Харин сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлд 39.1 сая ам.долларын санхүүжилт авсан гэв.

Дэлхийд

М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна

“Формула-1” уралдааны домогт нисэгч Михаэль Шумахер эмчилгээ хийлгэсээр байна. Унтаа байдлаас гарсан үеэс хойш тэрээо Швейцар дахь өөрийн харшид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж.

Ойрын үед Шумахерыг АНУ-ын Даллас хотод аваачих гэж байгаа нь саяхан тодорхой болсон бөгөөд тэндМихаэлийн гэр бүлийн ферм байдаг гэнэ. Тэнд тархины гэмтлийн нэртэй мэргэжилтэн Марк Уикс эмчилгээ хийх ажээ. Уиксэнэ гэр бүл болон алдарт нисэгчийг шүтэн бишрэгч олон сая хүний хувьд сүүлчийн горьдлого байж болох юм.

500 гаруй жилийн настай аварга загас барьжээ

Эрдэмтдийн мэдээлснээр 1505 онд төрсөн байж болох аварга загасыг Атлантын далайн хойд хэсгээс барьжээ. Энэхүү загас нь сээр нуруутан амьтдын дундаас хамгийн урт насласан үнэмлэхүй амжилтыг тогтоож болох юм.

Энэхүү аварга загас нь Гренландын буюу туйлын аварга загасын төрөлд хамаардаг бөгөөд жилд дунджаар нэг сантиметр өсдөг, хамгийн урт настай болж таарч байна гэж “Сан” сонинд бичжээ. Барьсан загас нь ойролцоогоор 5,4 метр бөгөөд харин түүний насыг цацраг-нүүрс усны шинжилгээгээр тогтоосон байна. Тийнхүү загас 272-оос 512 хүртэл настай байж болох талтай юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ