"Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй"


УИХ-ын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэлцэж байсан асуудалтай холбоогүй сэдвээр тайлбар хийсэн юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: Сүүлийн үед манай эрүүл мэндийн салбартай холбоотой хоёр асуудал хэвлэлээр олон хөндөгдөж байна. Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн юмсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм билээ.
Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэв.
Д.Сарангэрэл сайд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ нь ОХУ-аас оруулж ирдэг цахилгаан эрчим хүчийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах тухай асуудал юм.Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авснаар чуулганыг түр завсарлуулав.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ