"Бичил уурхай эрхлэгчид хөдөлмөр, аюулгүй байдлаар хохирч байна"


УИХ-ын чуулганы өнөөдөр /2017.12.22/-ийн хуралдаан эхэлж, Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх болон Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн тухай УИХ-ын дарга танилцуулсан.
Гэвч УИХ-ын гишүүн А.Сүхбат Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Харин дээрх тогтоолыг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бичил уурхай эрхлэгч иргэд хөдөлмөр, аюулгүй байдлаар хохирч байна. Бичил уурхай гэдэг бол Ашигт малтмалын тухай хуулиар үйлдвэрлэлийн аргаар олборлоход ашиггүй, овоолго дээр ашиглаж байгаа ордыг хэлж байгаа. Энэ хүмүүсийг хүчээр, мэргэжлийн байгууллагууд хаах саналыг тавьж байсан. Тэнд байгаа хүмүүсийн олонх нь өрхийн амьдралаа залгуулах, хоногийн хоолоо авах хэмжээний иргэд байдаг.
Бичил уурхайг шууд хаах нь олон иргэдийн орлогыг үгүй хийнэ гэсэн үг. Тиймээс бичил уурхай эрхлэгчдэд ажлын байр бий болгоход, гадны тусламж ашиглах шаардлагатай байгаа. Төрөөс бичил уурхай эрхлэгчдийн талаар хэрэгжүүлэх ямар нэг хөтөлбөр байхгүй байдаг. Энэ бол нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ юм. Тиймээс энэ арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх шаардлага байна' гэсэн юм.Эл асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Уул уурхайтай холбоотой асуудал улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ нөгөө талд үндэстэн дамнасан компаниудын ашиг болж бид алдаж байгаа. Мөн байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа. Бичил уурхайн асуудлыг цэгцлэх хүлээлт иргэдэд бий. УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулж, нухацтай авч үзэх нь зүйтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ: Уул уурхайн салбарт мэргэжлийн бус байдал хавтгайрсан учраас ард иргэдийн дунд нэр хүнд муутай байгаа. Сүүлийн үед 3000 гаруй лицензтэй, сум болгоны дарга 50 га олгох эрхтэй байгаа. Түүнд ямар ч байгалийн баялаг олгож болохоор байна.
Үүний дараа бичил уурхай, түгээмэл, үүсмэл ашигт малтмал хийж байгаа ч нөхөн сэргээлт хийдэггүй, ашигт малтмалыг олборлодог бүхэл бүтэн масс бий болсон. Эднийг яаж хэрхэн зохицуулах, энэ хүмүүсийг нийгмийн зөв зохистой харьцааг бий болгох вэ гэдэг санаачилга гаргаж байгаань зөв. Гэхдээ энэ салбарыг зөвхөн бичил уурхай гэж авч хэлэлцэхгүй, салбараар нь авч хэлэлцэх шаардлагатай байна. Том бодлогоор холбогдох яамдтай нь авч хэлэлцэх ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Бид хэлэлцэх асуудлаа ярилцах гээд өргөн хэлэлцүүлэг хийдэг болсон. Ер нь бол аливаа асуудлаар бэлдэж ирээд хэлэлцүүлэх боломжтой. Одоо УИХ-ын Дэгийн тухай хуулийг эргэж харах шаардлагатай. Өмнө нь УИХ-ын гишүүдийн ирц 51 хувиас дээш хувьтай байж, аливаа хууль, шийдвэрийг нухацтай гаргаж байсан. Он гараад УИХ-ын гишүүдээр УИХ-ын дэгтэй холбоотой ярилцлага хийх гэж байна.
Т.Аюурсайханы оруулж ирсэн энэ асуудал маш чухал. УИХ-ын байнгын хороо тогтоолын төсөл санаачилбал шууд баталдаг дэгтэй. Харин УИХ-ын гишүүн тогтоолын төсөл санаачилбал хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлдэг.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат нар гаргасан юм. Үүний дараа УИХ-ын гишүүдийн горимын саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.
УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ