Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулж утааг багасгана

Монгол Улсын Засгийн газар 2018 оны эхний хуралдаанаараа Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад ажиллажээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ