"О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон" гэв


МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.01.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан, МАХН-ын гишүүнээс хасагдсаныг онцоллоо.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөгтөлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн.
Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа” гэлээ.
МАХН-ын Бага чуулган 2017 оны аравдугаар сарын 30-нд болж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулжээ.Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын гишүүн болох юм байна. Тодруулбал, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, өөр намынхантай хуйвалдан намын эсрэг ажилласан бол намын гишүүнээс хасах үндэслэл болох аж. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын гишүүн биш болж байгаа аж.
Гэхдээ МАХН-ын Бага чуулганаар баталсан шинэ дүрмийг Улсын дээд шүүх хүлээж аваагүй бөгөөд МАХН-ын их хурлаар энэ дүрмийг эцэслэсний дараа Улсын дэд шүүх бүртгэх боломжтой гэдгээ сануулжээ. Хэрэв МАХН-ын их хурлаар намын шинэ дүрэм батлагдаж, Улсын дээд шүүх бүртгэвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болж, МАХН парламентад суудалгүй нам болох юм байна.
Намын дүрмээр их хурал зохион байгуулах асуудлыг намын Гүйцэтгэх товчооны хурлаар товлож, их хуралд оролцох гишүүдийг намын гишүүдээс сонгодог дүрэмтэй.
МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрээр намын их хурал ирэх хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа гэнэ.
Тиймээс О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг МАХН-ын удирдлагууд онцоллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ