Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна.

ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувьд 472 сая ам.долларын төлбөр хийсэн байдаг. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээл, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголын зэс”-д шилжүүлснийг суутган тооцох зэрэг шийдвэрийг гаргасан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх шийдвэрийг холбогдох агентлагуудад даалгалаа" гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Сангийн сайд аа, та сул гишүүн байхдаа УИХ-ын 23 дугаар тогтоолыг эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэр таны бодлогын эсрэг гарлаа. Хоёрт, “Монголын зэс” корпорацийн мөнгө улсынх байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон юм уу?

-Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хоёр сарын хугацаанд 49 хувийг эзэмшигч талтай хэлцэл хийсэн. Хэлцлийн үндсэн дээр асуудлаа Засгийн газарт оруулж танилцуулж байгаа. Засгийн газрын шийдвэр дээр олонхид үндэслэж гардаг. Засгийн газрын гишүүний санал эсрэг байх шийдвэр яригддаггүй ээ гэдгийг хэлье.

-Улсын дээд шүүхээс саяхан нэг шийдвэр гаргасан. Засгийн газар бас нэг өөр шийдвэр гаргалаа. Энэ чинь бүр төөрөгдөлд оруулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх заалтад арга хэмжээ аваагүй.

Ийм байхад Улсын бүртгэл “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Тэрэнтэй нь холбоотой гомдол шүүхээр явсаар байгаад 49 хувь дээр бүртгэ гээд шийдвэр нь гарсан.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, улсаас шууд болон тойруугаар авсан мөнгөний дүн тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчийн шийдвэр гэдгийг гаргасан. Одоо УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ.

“Эрдэнэт”-ийн 49 хувь талаас Арбитрт хандвал яах вэ?

-49 хувь талаас Арбитрт хандах эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Хэрэв тийм алхам хийх юм бол Засгийн газрын шийдвэр зөв гэдгийг нотлох баримтуудаа гаргаж өгнө.

Эрдэнэтийн 49 хувийг 'Монголын зэс'-д шилжүүлсэн Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын тогтоол хууль бус гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон. Мөнгөний дүнг гаргаад тавьсан. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 5 сая ам.долларын төлбөр хойшоо хийгдсэн байсан.Засгийн газар давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байхад шүү.

Мөн энэ гэрээний асуудал УИХ-д танилцуулагдаагүй байхад төлбөр хийгдээд явсан нь хуйвалдаан аль хэзээний хийгдсэн гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ