Х.Баделхан: Яндангийн тоог 26 мянгаар бууруулах боломжтой

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн нийт хэмжээ, ипотекийн орон сууцны хүрэлцээ, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үр дүн, агаарын бохирдол иргэдийнэрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад судлагаа хийсэн эсэхийг илүүтэй тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2016 онд нийт 157 тэрбум төгрөг, гадаадын орнуудын тусламж, дэмжлэгээр 60 сая ам.доллар зарцуулсан гэж хариулсан бол Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 157 тэрбум төгрөгийн 100 гаруй тэрбум төгрөг нь 2012-2014 онд зарцуулагдсан байдаг. Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахад жилдээ 4.5 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн байгаа. Өнгөрсөн үетэй харьцуулахад агаарын бохирдлыг бууруулах төсөв 4-5 дахин багассан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлд 23.5, зүрх судасны өвчлөлд 19.5 хувиар нөлөөлж байна гэсэн судлагаа гарсан. Мөн 86 мянган иргэнд томуу өвчний вакцин, 220 мянган хүүхэд, иргэдэд ханиадны вакцин хийсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгийн ачаалал багассан, эмчилгээ ч үр дүнгээ хурдан өгч байгаа. Энэ нь вакцины үр нөлөөхэмээн хариулав.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн яамны дэргэд ипотекийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдөр нийслэл хотод 33 мянган орон сууц бэлэн байна. Зорилтод бүлгийнхэнд 11 мянга, энгийн иргэдэд 15 мянга нийт 26 мянган орон сууц бэлэн. Өөрөөр хэлбэл, 26 мянгаар ядангийн тоо бууруулах боломж байгаа гэдгийг хариултдаа онцлов.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун уг тогтоолын төсөлд цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгслийг ашиглах, энэ төрлийн автомашиныг татвараас чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах тодорхой хуулийн төслийг Засгийн газар яаралтай боловсруулж өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цогцоор нь шийдэх тодорхой саналаа өргөн мэдүүлэх чиглэл өгөх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр төвлөрлийг сааруулах заалтад төрийн өмчит их дээд сургууль төдийгүй шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, зарим төрийн байгууллагуудыг дагуул хотруу шилжүүлэхээр тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ их, дээд сургуулийн оюутнуудыг өвлийн цагт сарын хугацаатай амраах зэрэг санал хэлж байв.

Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ