"Улаанбаатар хотыг яаралтай дагуул хотууд рүү нүүлгэе" гэв

УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр холбогдох Байнгын хороо хамтран хэлэлцсэн билээ. Ингээд шийдвэрийн төслийн талаар Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.

Тэрбээр "Ерөнхийлөгчөөс агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх асуудлыг УИХ-д санал болгосны дараа тогтоолын төслийг боловсруулж 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсч байна" гэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Ё.Баатарбилэг "УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Хуралдаж байх явцад Ерөнхийлөгчөөс онц байдал тогтоох талаар албан бичиг ирсэн байна билээ.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Засгийн газар руу онц байдал тогтоохтой холбоотой асуудал дээр санал зөвлөмж явуулаач гэсэн албан бичгийг бид явуулсан. Засгийн газар энэ асуудлаар санал дүгнэлт гаргах эрхгүй байна гэсэн хариу өгсөн.

Ажлын хэсэг нэлээн нухацтай ярилцсан. Утаа гамшиг болсон уу гэвэл гамшиг мөн. Гэхдээ утаа бол онц байдал тогтоож тэмцдэг асуудал биш. Урт хугацаанд ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн шийдлийг ярьсан байгаа. Хуулинд нийцэхгүй учраас онц байдал тогтоох боломжгүй гэдгийг уламжилж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Утаатай тэмцэхийн тулд мэргэн санаа дэвшүүлэх биш зоригтой ажиллах ёстой. Хийж байгаа ажлыг минь шүүмжлэх болов уу гэсээр байтал ужгирсан гэж үзэж байна.

Улаанбаатар хотыг яаралтай дагуул хотууд рүү нүүлгэх ёстой гэж үзэж байна. 5-6 давхар байшинг өртөг багатайгаар барих хэрэгтэй. Хамгийн гол нь ард иргэдээ тогтвортой ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дорвитой дэмжих ёстой. Шинэ онгоцны буудлаа барьсан том талбайнууддаа баячуудын хорооллыг биш гэр хорооллыг нүүлгэх ёстой гэж үзсэн байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ