Ж.Батзандан: 300 тэрбумаар утааны асуудлыг шийдэж болно

Өнөөдөр /2018.01.05/ нэгдсэн чуулганаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд онц байдал зарлах нь зүйтэй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд хүсэл зориг байвал утаанаас салах олон боломж байгааг онцоллоо. Тэрбээр цааш нь хэлэхдээ:

-Утаанаас болж олон жил өчнөөн мянган хүүхэд, иргэд хордож, эрүүл мэндээрээ хохирлоо. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх замаар явсаар олон жил үрлээ. Жилдээ 10 тэрбум төгрөг утаанд зарцуулаад асуудлыг шийдэж чадсангүй. Чин үнэнийг хэлэхэд утааг арилгах хүсэл зорилго байна уу гэдэгт эргэлзэх боллоо. Утааг бизнес болгодог бизнесийн бүлэглэлийнхний тоглоом болж хувирч байгаа юм биш биз гэсэн хар төрөх боллоо. Иймд агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэж, асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Засгийн газар зоригтой шийдвэрүүд гаргаж байна. Эрдэнэтийн асуудлаар зоригтой шийдвэр гаргасанд баяр хүргэе. С.Зориг агсны хэргээр олон хүнд хилсээр ял тулгасан хууль хяналтын байгуулллагынханд хариуцлага тооцох асуудлыг тавьж байгаад баяр хүргэе.

Одоо утааны байдал дээр онц байдал зарлаад, шаардлагатай байгаа500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй байж болно. 150 мянган айлын яндангаас утаа гарч байна. Нэг айлд ойролцоогоор 1000 ам.доллар зарцуулъя гэхэд 300 тэрбум төгрөгөөр утааны асуудлыг шийдэж болно.

Энэ жил улсын төсөв 400 тэрбум төгрөгийн илүүдэлтэй гарчээ. Зөвхөн худалдаа хөгжлийн банкинд 3-4 жилийн дотор нэг их наяд төгрөг зээлдүүлж болдог монголын төр 1,5 сая хүн амтай нийслэлчүүдийг утаагүй орчинд амьдруулахын төлөө 500 тэрбум төгрөг зарцуулж болохгүй юу.

Бээжин утаагүй болчихлоо, Лондон утааныхаа асуудлыг хоёрхон жилийн дотор шийдсэн. Улаанбаатар жилийн дотор шийдэх бүрэн боломжтой. Цахилгаан халаагуур эсвэл газ хэрэглэж болно. Зарагдахгүй байгаа орон сууцнуудыг иргэдэд авч өгч болно. Мянган долларын үнэтэй, цахилгааны хэрэглээ нь тэг болдог халаагуурыг өрхүүдэд авч өгч болж байна. Олон хувилбар байна.

Энэ онцгой шийдвэрийг утаатай тэмцэх онц байдлын хүрээнд гаргаач гэж би УИХ болон ЗГ-ын гишүүдээс хүсч байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ