Ерөнхийлөгч УИХ-ыг тараах уу?


Шинэ оны эхний долоо хоногт улс төрийн амьдрал бужигнаантай байлаа. Тухайлбал, УИХ өнгөрсөн баасан гарагт Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу “Онц байдал” зарлах шаардлагагүй гэж үзлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс утааг арилгахгүй бол УИХ-ыг тараах санаачлагыг гаргахаа мэдэгдсэн бол эрх баригч намын гишүүн зөрүүлээд “Ерөнхийлөгчтэйгээ, Ерөнхий сайдтайгаа бүгдээрээ огцоръё” гэх хариу барив. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах эрх байхгүй. Попдох хэрэггүй” гэж, хуулийн хүрээнд ярихыг анхааруулав.
Ерөнхийлөгчийн хувьд ажилаа авсанаасаа хойш эрх баригч намын гишүүдтэй хэрхэн харьцах, хамтран ажиллах талаар тандалт хийж буйгаа мэдэгдээд авсан. Тодруулбал, эрх баригч намын гишүүдээс хэд нь оффшорын эсрэг байр суурьтай эсэх, улс эх орноо өөрчилье гэсэн бодолтой хэдэн хүн бгаа, надтай хэд нь санаа нийлж ажиллах чадах юм гэх зэргээр тандаж байсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гишүүдэд хандаж УИХ гишүүд ямар хандлагатай байгааг мэдэх гэсэн юм гэсэн агуулгатай зүйлийг ч ярьж байсан. Харин одоо бол УИХ-ыг тараая хэмээн шууд хэлээд эхэллээ.
Угтаа Монгол төрийн хоёр том институцийн хувьд эвтэй, найртайгаар хамтарч ажиллавал улс эх орон хийгээд ард түмэнд хэрэгтэй. Эс тэгвээс хоёулангийнх нь нэр хүнд улам унана. Өөрөөр хэлбэл энэ УИХ-ын нэр хүнд унаж байгааг олон хүн хэлж буй. Парламентийн засаглалын нэр хүнд улам унавал засаглалын өөр хэлбэр яригдах болно. Энэ нь гэхдээ тийм ч сайн, оновчтой зүйл биш юм. Угтаа УИХ-ыг тараах асуудал гарч болох ч эдгээр нь системийн өөрчлөлт биш юм. Тухайлбал, намуудыг тарааж, сонгуулийн хуулийг бүрэн шинэчилж, Үндсэн хуулинд зарим өөрчлөлт оруулж байж улс төрийн системд өөрчлөлт гарна.
Тэд Монгол яллаа гээд ялж, бяртай Засгийн газар байгуулна гээд байгууллаа. Одоо бол өмнөх засгаасаа илүү ажилладаг гэдгээ ард түмэндээ харуулмаар байна шүү дээ. Ард түмний амьдрал үнэндээ хэцүү байгаа. Одоогийн парламентийн хувьд ухаантай, соргог,зөв зүйлийн төлөө дугарч чаддаг, өөрсдөө ёс зүйтэй байгаад үүнийгээ хамгаалахгүй бол нэр хүнд нь үнэхээр шороотой хутгалдахаар байна. Угтаа танай манай гэж ялгахгүйгээр улс орон, ард түмниийхээ төлөө нэг л чигт хамтраад, хараад ажиллавал сайн юмсан даа.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ