"Амьдрал хэцүү айлуудад халаагуурыг нь үнэгүй тарааж өг"

УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганаар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэж байна. Гишүүд Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Агаарын бохирдлын талаар олон арван жил ярьж байгаа. Сүүлийн сар энэ талаар нэлээн хурцхан яриа болж байна. Өнөөдрийн байдлаар 220 тэрбум төгрөг зарлагадчихаад байна. Энэ 220 тэрбум төгрөгийг агаарт цацсан юм биш. Төслийн зуухыг би ч бас хэрэглэдэг. Дэвшилттэй талууд олон бий. Дулаанаа хэмнэдэг, түлшний хэмнэлттэй гээд олон үр дүн гарсан. Алдаа нь юу вэ гэвэл бид зориулалтын түлшийг нь хэрэглэж чадаагүй юм. Энэ зуух чинь түүхий нүүрс түлдэг зуух биш гэж би ойлгоод байна.

Түүхий нүүрснээс айгаад байх шаардлагагүй болж байх шиг байна. Өнөөдөр шинэ дэвшилтэт технологиуд гарсан байна. Түүхий нүүрсээр газ гаргаж авдаг технологийн туршилт явагдаж байна гэх мэтчилэн олон асуудлууд хийгдэж байгаа нь сайшаалтай.

Олон шатлалтай арга хэмжээнүүдээ авчихвал энэ бол шийдвэрлэх асуудал. Хардалтаа зогсоогоод арга хэмжээгээ авъя. Утаа гэдэг бол үхэл. Бид шийдлээ олж, үр дүнгээ ярих ёстой" гэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Ипотекийн зээлд энэ жил 300 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Аймаг орон нутагт ипотекийн зээл тараагдахгүй байна. Тийм учраас аймгуудад орон сууц баригдахгүй байгаа юм.

Ерөнхий сайдын дэргэд утааны эсрэг зөвлөл байна. Энэ зөвлөл байнгын үйл ажиллагаатай байхгүй бол өвөл болохоор хуралдаж, хавар болохоор тардаг байж болохгүй.Утааны асуудал ганцхан Улаанбаатарынх биш. Дархан, Эрдэнэтийн ч асуудал болоод байна.

Утааны асуудлаар зоригтой шийдвэр гаргавал ард түмэн хүлээж авна. Амьдрал хэцүү айлуудад халаагуурыг нь үнэгүй тарааж өгсөн ч болно. Энэ утаанаас зоригтойхон салчихмаар харагдаж байна. Тиймээс мэргэжлийнхэн, яамдууд нь саналаа оруулж ирээд УИХ удаахгүй баталж өгөх хэрэгтэй" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ