Ж.Батзандан: Нийслэлийн Засаг даргыг иргэд нь сонгодог байя

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж нэг харах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаар ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ардчилсан намын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа.

Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа.

Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээдолон анхаарах асуудал байна. Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга , ЗДТГ, Захирагчийн ажлын алба бага Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Болд "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ чигээрээ батлагдчихвал шинэчлэл болж чадахгүй. Тиймээс энэ хуулийг амь оруулах үүднээс нийслэлийн иргэдийн эрх буюу ардчилалтай болох. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх. Нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэр талаасаа бол хамгийн онцгой бүрэн эрхтэй хот байх ёстой гээд засч сайжруулах олон асуудал байна. Хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, сайжруулахгүй бол өнгөлөн далдалсан хууль батлан гаргах хэрэггүй" хэмээлээ.

Хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гаж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадна гэж харж байгаа.

Мөн дагуул хотуудын тухайд ард нийтийн санал асуулгаар Налайх, Багануур дүүргийг "Хот" болгосон. Тэгвэл энэ мэт дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалтыг алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв" гэв.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга биш зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зөв гэж бодож байна. Тодруулбал, нийслэлийн засаглалын асуудлыг маш ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүүргүүдээс эсвэл хороодоос бүрдэх эсэх, дүүргүүдийг хот гэж нэрийдэх юм уу. Тэдгээр хотууд нь ямар эрх мэдэлтэй байх, Засаг даргаа хэрхэн сонгодог байх, иргэдийн хурлын эрх мэдэл нь ямар байх зэргийг маш ойлгомжтой тодорхой болго хэрэгтэй байна.

Түүнчлэн нийслэлийн өмчийн харилцааны асуудлын,газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал,төсөв санхүүгийн асуудал, байгаль, эрүүл аюулгүй орчин, нийтийн тээврийн асуудал зэргийг хуульчилж өгөх хэрэгтэй. Улмаар онцгой статусыг нь хангаад, Засаг дарга, иргэдийн хуралд нь эрх мэдлийг нь өгчихвөл нийслэл иргэдээ эрүүл аюулгүй амьдруулж чаддаг болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ