"НХЯ татвар нэмэхийг яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ"


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг олгоно.
Мөн Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгаад байгаа юм.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрын бодлогыг ойлгохоо болилоо. Татвараа нэмснийг нь харахаар мөнгөгүй юм шиг, гэтэл мөнгө тараана гээд төсөл оруулж ирээд байхыг нь харахаар мөнгөтэй ч юм шиг. Мөнгөтэй юм бол Нийгмийн хамгааллын яам татвар нэмэхийг яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ. Мөнгөгүй юм бол бүсээ чангалах бодлого хэрэгжүүлдэггүй юм уу. Нэг гараараа татвар нэмээд, нөгөө гараараа тусламж үзүүлээд байгааг ойлгохгүй байна.
Өмнө нь Ардын их хурлын депутатуудыг Ардчилсан Үндсэн хууль баталсан гээд 100 сая төгрөг олгож байсан. Одоо дахин мөнгө олгоно гэх ажлаа л хийсэн хүмүүс шүү дээ. 100 сая төгрөг өгсөн нь үр дүнгүй байсан юм уу" гэв.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг "Сүүлийн 27 жил Монголд ардчилал хүний эрх эрх чөлөө цэцэглэн хөгжлөө гэж ярьж байгаа. Үндсийг тавьсан, таны энэ УИХ-д сонгогдох замыг тавьсан хүмүүс нь 1990-1992 оны Ардын их хурлын депутатууд.Цөөхөн хүн үлдсэн. Энэ хүмүүстээ сар бүр мөнгө олгох нь зөв гэж үзэж, оруулж ирж байна.Нийгмийн ороо бусгаа цаг үед төрөө төр шиг авч гарсан гавьяатай хүмүүс гэж үзэн, төсөл санаачилсан байгаа" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ