Нэг эхийн хоёр өөр "хүүхдүүд"

Сүүлийн үед Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд, дэд сайд хоёр нэг асуудалд хоёр өөр байр суурь илэрхийлээд буй. Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэлд мөн дагуулж байгаа юм. Тухайлбал, дэлхийд томоохон тооцогддог “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж дэд сайд нь байр сууриа илэрхийлснийг салбарын сайд нь үгүйсгэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан. “Оюутолгой” Монголынх биш Канадынх болоод удаж байна. Дэлхийн зах зээл дээр Монгол “Оюутолгой” гэж байдаггүй. Иймд энэ асуудлыг зогсоож, “Оюутолгой”-гоо Монголынх болгомоор байна. Нийт ард түмний эрх ашгийн өмнөөс би “үзэх” болно. “Туркойз Хилл” гэдэг чинь Оюутолгой гэдэг англи үг. Манайд орж ирж байсан “Рио тинто”-гийн охин компани болох “Айвенхоу Майнз” бол Канадад бүртгэлтэй “Оюутолгой”-н охин кампани юм.

Гэтэл Дубайн гэрээний дараа “Айвенхоу Майнз” нэрээ “Туркойз Хилл” болгоод сольчихсон. Канадын “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болоод байна. Монголын “Оюутолгой” бол зүгээр л нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг “цөлмөх” зорилготой. Бид гадны хүмүүсийг оруулж ирээд, эд баялгаа өдөр шөнөгүй зөөлгөж байна. Оюутолгойн автомашин ямар ч дараалалгүй хамгийн эхний ээлжинд явдаг. Нөхцөл байдал ийм байхад би инээгээд сууж чадахгүй. Энэ асуудлаар ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийнэ.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар: Засгийн газар нь парламентын зарчмаар ажиллах ёстой. Ямар нэгэн шийдвэр нь Засгийн газрын гишүүдийн нэгдсэн байр суурин дээр гардаг. Гэтэл нэг хүн дур зоргоороо асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлж болохгүй хэмээн мэдэгдлээ. Иймээс уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавыг огцруулах асуудлыг хөндөн тавих болно. Засгийн газрын хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийнхөө байр суурийг илэрхийлж болохгүй. Оюутолгой гэдэг бол эдийн засагт нөлөө үзүүлдэг компани. Иймээс энэ асуудлыг Засгийн газрын хүрээнд хэлэлцэх ёстой. Тэр утгаараа дур зоргоороо аашилдаг дэд сайдыг томилж чадсан нам нь бас хариуцлага тооцож чадах ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ямартаа ч нэг салбарын хоёр сайдын мэдэгдлүүд иргэдийг "багагүй" талцуулаад авсан. Иргэдийн зарим нь "Дэд сайд нь улс төрч зангаараа популист, шантааж хийсэн хариуцлагагүй мэдэгдэл хийж байна" гэж хэлж байв. Харин бусад нь "салбарын сайд нь буруу ярьж байна. Оюутолгойг 100 хувь Монголын мэдлийнх байлгах ёстой" гэсэн байр суурь ажиглагдаж байв.

Тэдний хувьд уг мэдэгдлүүдээ ямар зорилгоор хийж байгаа нь мөн л тодорхой бус. Угтаа нэг байшинд, нэг намын сайдтайгаа, нэг зорилгын төлөө ажиллаж байгаа бол нэг л байр суурь харагдах байсан. Гэтэл тэд хамтарч ажиллаж чаддаггүй нь илчлэгдэв.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ