Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан иргэний захидал


ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны түмэн амгаланг айлтган мэндчилье. Миний бие танд Улаанбаатар хотын утааг багасгах боломжийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлье хэмээн бодож энэхүү ил захидлыг бичлээ.
1, Юуны өмнө энэ их дээд сургуулиудыг эрс цөөльё. Энэ их дээд сургуулиуд хотын өрх, хүн амыг зохиомлоор нэмэгдүүлж байгаагийн дээр оюутнууд гэх залуус гэр бүлдээ хөрөнгө мөнгөний хомсдол бий болгожамьдралын ядуурлыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаар зохиомол ажилгүйдлийг бий болгож байна. Хэрэгтэй, хэрэггүй дээд боловсрол, мэргэжил эзэмшсэн гэх залуус Улаанбаатар хотод оргонож, үйлчлэгч, орцны жижүүр, манаач, захын ачигч, баян айлын зарц, сайндаа л жижиг наймаа эрхэлж өдөр хоногийг өнгөрөөж, зарим нь хулгайч, луйварчин, хар тамхичин, биеэ үнэлэгч болж байна. Нөгөө хэсэг нь Солонгос мэт улс руу дүрвэж байна. Одоо дээд боловсрол, мэргэжил хэмээгчийг эзэмших зардал улам бүр нэмэгдэж буй боловч тэр хэмжээгээр мэдлэг олгож чадахгүй, дутуу алсан могой шиг болгож , диплом өвөрлөсөн хоосон толгойтнууд шөнийн од мэт олширч байна. Үүний оронд барилгын өрлөгчин, засал чимэглэгчин, цахилгаанчин, авто замчин. засварчин, төмөр замчин, тариаланч, ногоочин, тракторч, компайнч, малчин, саальчин, оёдолчин, нэхмэлчин, уурхайчин зэрэг мэргэжлийн ажилчин бэлтгэхколлежийн тоог хөдөөд нэмэгдүүлье.
2, Гурил, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, зарим төрлийн жимс жимсгэний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг, экспортлодог болъё. Газар тариалан, мал аж ахуйн фермер, аж ахуйнуудыг олноор байгуулж, хотын ажилгүй өрх, иргэдийг зохион байгуулалттай нүүлгэж суурьшуулъя. Энэ фемер, аж ахуйнуудадгарах өрх, иргэдийн нүүж суурьших, эрхлэх аж ахуйтай болох зардлыг тэр утаа арилгахад зарах их хэмжээний мөнгөн хөрөнгөнөөс гаргах нь зүйтэй, \Түүнээс биш зуух тарааж, орон сууцаар хангаж утаа арилгана гэж байхгүй л дээ.\ Энэ ажлыг бүр аян болгоё. Би энд жишээ хэлэхэд манай аймагтай хил залгаа ШУӨЗО-ны монгол аймгууд япон, солонгос болон бусад оронд сүү, сүүн бүтээгдэхүүн, лууван, чацарганы сироп, тос, зөгийн бал, улаан лоолийн томатсавлан экспортлож байна.
Үүнийг дагаад лууван, улаан лооль, чацарганы тариалалт сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдэж, ажилгүйдэл байхгүй болжээ, Хятадын дотоодоос ажилчид авахын тулд жижиг орон сууцууд барьж ирэгсэдэд үнэгүй өгч байна. Сүүний үйлвэрүүд нь малчдад тодорхой жилийн дараа өөрт нь үлдээхээр үнээ авч өгч сүүг нь худалдан авдаг болсон байна. Үнээний фермүүдийн хөгжлийг дагаад малын тэжээлийн үйлвэрлэл нэмэгдэж үүнийг эрхэлдэг мэргэшсэн фермерүүд бий болжээ. Үнээ хээлтүүлгийг голдуу зохиомлоор хийж, эр тугал гарвал богино хугацаанд бордож борлуулдаг зах зээл үүсчээ.
Тэгэхээр юуны өмнө гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, төмс, хүнсний ногоо, гурилын импортыг бүрэн зогсоож дотоодоосоо хангах, улмаар экспортлох хөгжлийн загвар боловсруулж Улаанбаатарын хүн амын суурьшил, нягтралыг эрс багасгая. Хил орчимд амьдардаг хятадын зарим иргэд биднээс бага хэмжээний ч гэсэн төмс, ногоо, мах, зунд тарвас, амтат гуа, чацаргана хилээр гаргаж өгөхийг хүсдэг. Танайд байна шүү дээ гэхэд манайх “но” тойшүү гэдэг.
Гэтэл бид тэндээс дээрх бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолж аваад байдгийг болимоор байна. Ховд аймаг л гэхэд төмс, хүнсний зарим төрлийн хүнсний ногоогоор бүс нутгийг төдийгүй улсын хэрэгцээг хангах улмаар экспортлох боломж байна. Бид яагаад луувангийн сироп, улаан лоолийн томат, чацарганы тос үйлдвэрлэж экспортлож чадахгүй гэж. Шинжааны говь, тал, Кара майгийн цөлд газар тариалан хөгжүүлж чадсан ганц хөшүүрэг нь төрөөс гол, мөрний усыг хуримтлуулан ил, далд сувгаар тариалангийн талбайд нь хүргэж өгсөнд оршиж байгаа юм. Одоо говь, уулын оройн аль ч тариалангийн талбай устай.
3. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм босгох санал дэвшүүлсэн. Таэх орныхоо хэвтээ, босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах ШИНЭ ЗУУНЫ хөдлөгөөн өрнүүлж ажил эхлүүллвэл олон зуун хүн ажлын байраар хангагдажтүүнийг дагаж тосгон, суурин босож, хүн амын суурьшил бий болох биш үү. Та бидний залууд Л.И.Брежнев БАМ-ыг хэрхэн байгуулсаныг санаж байгаа гэдэгт итгэнэм. Одоо бол БАМ барихаас хялбар бүтнэ биз ээ. Айвал хийж үл чадах. Төмөр зам барьсанаар авто тээврийн зардал хэмнэгдэж, үүнийг даган барааны үнэ хямдарч, энэ үрэлгэн автомашины тоо цөөрнө хэмээн бодож байна. ОФШОР дансанд хуримтлагдсан хөрөнгийг оруулж ирж төмөр зам байгуулахад ашиглавал зохино.
4. Монгол улс төгрөгөө доллараар солиод шатахуун импортолж авсаар байх уу. Улаанбааар хот, Оюу толгойд байгуулах цахилгаан станцууд юу болсон бэ. Утаа багасахад гол хүчин зүйл шүү дээ. Ярьсаар, өдөр хоног өнгөрсөөр байна. Оюу толгойд хот байгуулах, Нийслэлийг Хар хорин луу нүүлгэх ажил судлаж шийдэх л асуудал билээ.
Ер нь танд хандаж зориглон хэлэхэд хоёр гуравхан ажлыг амлан аваад хийчих л дээ. Дараачийн сонгуульд таны төлөө саналаа өгөхөд бид бэлэн байна
Таныг гүнээ хүндэтгэсэн: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн
Дагвын Жүгдэрбарам
Утас 99432118
СЭТГЭГДЭЛ БИЧИХ