Төрийн данхар бүтэц түмнийг "туйлдуулж" байна


Төрийн албаны данхар бүтэц, үрэлгэн зардлын талаар хүн бүр толгой сэгсэрдэг. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед даргалах бүрэлдэхүүний цомхотгол хийх шаардлагатай юм. Тухайлбал, дэд сайд, аймгийн Засаг дарга нарын орлогч гээд маш олон албан тушаал бий. Яамдын сайд нар дэд сайдгүй ажлаа аваад явдаг байсан бол одоо бүр “ихэрлүүлээд” авсан.
Төсвийн мөнгөнөөс цалинжигчид сүүлийн жилүүдэд мянга, мянгаар өссөн гэдгийг бичигч би ч биш бусад олон эх сурвалж өгүүлж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 2800 төрийн албан хаагч нэмэгджээ. Мянга, мянгаар нэмэгдэх төрийн албан хаагчийн тоо өслөө гээд Монголын нийгэмд юу нэмэгдэв гээд бодоод үзье. Болж бүтэж, өөдөлж сэхсэн зүйл лав алга. Цаашлаад төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг гэж байгаа. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр манай төрийн албанд түр орлон гүйцэтгэгчээр 4 мянга гаруй хүн ажиллаж байна. Тэр дунд гурван жилийн турш түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс ч бий.
Улаанбаатар хотын захиргааны дэд бүтэц тэлж, сүүлийн гурван жилийн хугацаанд 2900 албан хаагчаар бүл нэмжээ. Бүр тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2014 онд 3809 албан хаагчтай байсан бол 2016 онд 5210т хүрчээ. Харин цалингийн зардал нь 2016 онд 50,2 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ бүхэн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байгаагийн тод жишээ юм.
Манай улстөрчид амь аргацааж, гал унтраасан байдлаар сүүлийн хэдэн жил төрийн бодлогыг жолоодож ирлээ. Зүгээр л сонгууль угтсан бодлогын алхмууд нь эргээд Монголын эдийн засгийн хөрсөнд хямралын үр болж байна.
Урьд нь хийгээд болоод байсан төрийн захиргааны орон тоог бүтэн нэмэгдүүлж, зардлаа өсгөсөн байдлаар цаашдаа явна гэдэг эдийн засаг хүндэрчихсэн энэ цаг үед байж болохгүй үйлдэл. Ард иргэд нь өглөөнөөс үдшийн бүрийн болтол махийтлаа ажиллаж ар гэр, амьдралаа болгох гээд явж байхад дээр нь төр нь татвараар дарамталдаг баймааргүй байна. Төр өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэж, үлгэрлэж татварын мөнгөө хэмнэ. Үр дүнгээ харуул.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ