Говь-Алтай аймагт тэмээний баяр болжээ

Нэгдүгээр сарын 14-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр болжээ. Энэхүү арга хэмжээг тус аймгийн бүх сумын иргэд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Энэ удаагийн атны уралдаанд Бигэр сумын тэмээчин Төрбатын хар, торомны уралдаанд Чандмань сумын тэмээчин Гүнчигийн хүрэн түрүүлсэн байна.

Уг баярын зорилго нь тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, малчин, тэмээчний туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочин, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татахад оршиж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Монгол тэмээний тоо толгой ихээр хорогдсон учраас тэмээний зүй бус хорогдлыг эрс багасгаж, нөхөн үйлдвэрлэлийн чадамжийг бүрэн ашиглах нь туйлын бэрхшээлтэй асуудал болсон гэдгийг албаныхан онцлох болсон. Тиймээс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэхэд тэмээний баяр, их ач холбогдолтой гэж салбарынхан үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ