"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ.
Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Бид энэ чиглэлээр ажиллаж байгаа. 2018 оны Мөнгөний бодлогын гол баримт бичиг гэж харж байгаа. 2018 онд Стратегийн баримт бичиг бэлэн болсны дараа та бүхэнд танилцуулах болно.
Банкны системд итгэх иргэдийн итгэл дээшилж, найдвартай байдал хангагдах ёстой гэж бид энэ хуулийг оруулж ирсэн. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр банкны алдагдлыг 620 тэрбум төгрөгөөр хааж байсан бол одоо бид банкны заавал байлгах нөөцөөс хаадаг болохоор зохицуулалтуудыг хийж байна.
Монголбанк өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш аянга цахилгаан цахиж эхлэхэд л шаардлагатай арга хэмжээг авдаг болно" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гадаадын банк оруулж ирэх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохыг хүслээ.
Н.Баяртсайхан энэ тухай "Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж би хувьдаа үзэж байна. УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж байна. Тиймээс гадаадын банкууд орж ирж хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах бүрэн бололцоотой болно" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ