17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв

Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Өвсний Үндэс-буцалтгүй тусламжийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлдэг байна.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгийн засварт 173,051,847 төгрөгийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт хийхээр болж өнөөдөр гэрээ байгууллаа.

Гэрээг санхүүжүүлэгч Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, захиалагч дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ашиглагч 17 дугаар цэцэрлэг, гүйцэтгэгч Төгс байшин констракшн ХХК нарын хооронд байгуулсан юм.

17 дугаар цэцэрлэгийн барилга 1963 онд ашиглалтанд орсон. 2 давхар барилгын хана, таазны хэсэгт цууралт, нуралт үүссэн, цахилгаан, сантехникийн шугам хоолой хуучирч элэгдэн, шал нь эвдэрчээ.

Энэхүү хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн байрны хана, таазны иж бүрэн засвар, хаалга, цонх шинэчлэх, дулааны узель, бохир, цахилгааны шугамын хэсэгчилсэн засварыг тус тус хийгдэж, сургалтын таатай орчинг бүрдүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн 5 бүлэгт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 25 багш, ажилтан ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ